
Өнгөрсөн ням гарагт Австралийн томоохон хотуудад олон мянган австраличууд цагаачлалын эсрэг жагсаал цуглаанд нэгджээ.
Зүүн төвийн үзэл баримтлалтай Австралийн засгийн газар ням гарагийн жагсаал цуглааныг нео-нацистуудтай холбон, нийгэмд үзэн ядалтыг дэлгэрүүлэх зорилготой хэмээн буруушааж буйгаа илэрхийлжээ.
March for Australia уриан доор зохион байгуулагдсан цагаачлалын эсрэг жагсаал цуглаан нь Сидней хот болон өөр бусад мужуудын нийслэл хотууд, орон нутгийн төвүүдэд зэрэг зохион байгуулагджээ.
Тус улсад амьдарч буй 2 хүн тутмын нэг нь гадаадад төрсөн эсвэл эцэг эхийнх нь аль нэг нь гадаадын иргэн байдаг нь судалгаагаар тогтоогдсон ч сүүлийн жилүүдэд Австралид барууны экстремист үзэл тэр дундаа цагаачдын эсрэг нео нацистуудын эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн газар авч эхлээд байгаа юм.
2023 оны 10-р сард ХАМАС-Израилын дайн эхэлснээс хойш тус улсад жүүдийн сүм, еврейчүүдийн байр, машин зэрэгт халдах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор Австралийн эрх баригчид нацист мэндчилгээ, нацистууд болон алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой тэмдэг тэмдэглэгээг хориглох хуулийн төслийг энэ оны эхээр хэрэгжүүлж эхэлсэн юм.
Сидней хотод болсон цагаачлалын эсрэг жагсаалд оролцогчид цагаачдын тоо хэт олон болсны улмаас хүүхдүүдэд нь байр, орон сууц олдохоо байсныг, эмнэлгийн хүлээлгийн хугацаа нэмэгдэж, зам дээр түгжирдэг болсон зэргийг дурджээ.
Эх сурвалж: CNN






