
Энэ өвлийг Монголчууд, тэр дундаа нийслэл хот давж чадах уу гэсэн айдас бий. Хотын эрчим хүч, дулааныг хангадаг хамгийн том эх үүсвэр болох ДЦС-3-т үүссэн хүндрэлийг өвлийн хүйтнээс урьтаж засварлах, өөр эх үүсвэрүүдийг бэлтгэх гэх зэрэг эрчим хүчний салбарт Засгийн газрын зүгээс боломжит бүх хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Ингэлээ ч нийслэлчүүд өвлийг өнтэй давах эсэхэд эргэлзээтэй хэвээр байна.
Шинэ сарын эхэнд Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Энэ төсөлд ч эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгасныг харуулъя:
2026 оны төсөвт, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжийн санхүүжилтийг эрчим хүчний салбарт нэн тэргүүний төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлжээ.
- Хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт эх үүсвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт 3.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.
- Төв аймгийн Баян суманд 660 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц,
- Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц,
- Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц,
- Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын станц,
- Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц,
- Чойр-Сайншанд, Бөөрөлжүүт-Сэргэлэн, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг эрчим хүчний том чадлын суурь горимд ажиллах эх үүсвэрийн төслүүд хэрэгжихээр байна.






