
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан 73-р сургуулийн сэтгэлзүйч Р.Гэрэлчимэгтэй хүүхдийнхээ сэтгэлзүйд хэрхэн анхаарах талаар болон гэрийн даалгавар хийлгэх талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
-Өнөөдөр бид бага, дунд ангийн сурагчдын сэтгэл зүй, тэдэнтэй хэрхэн харьцаж, ойлгож, дэмжиж болох талаар яриагаа эхэлье. Та бага, дунд ангийн сурагчидтай өдөр тутам харьцдаг. Энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийг товчхон тайлбарлаж өгөөч?
–Энэ нас бол хүний хөгжлийн суурь үе. 1-р ангийн хүүхэд өөрийгөө “би” гэдгээр ойлгож эхэлдэг бол 5-7-р ангийн сурагч аль хэдийн нийгэм дэх байр сууриа хайж, бусадтай харьцуулж эхэлдэг үе. Гэхдээ заримдаа эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн наснаас илүү “том болчихсон” гэж бодоод хэт ачаалал өгөх нь бий. Жишээлбэл, 1-р ангид орж буй хүүхдээ 7-р ангийн хүүхэд шиг хүлээн авч, шаардлага тавьдаг нь сэтгэл зүйд нь дарамт үүсгэх эрсдэлтэй.
-Үүн дээр нэмээд асуухад бага ангийн хүүхдүүдэд даалгавар хийлгэх асуудал яригддаг? Хэрхэн гэрийн даалгаврыг нь хийлгэвэл үр дүнтэй байх вэ?
-Эцэг эхчүүд эхлээд хүүхдэдээ хичээлийг нь зааж өгч буй бичлэг, дуу хоолойгоо утсан дээрээ хураагаад сонсож үзээрэй. Ихэнх нь дээд өнгөнөөс дарга мэт харьцсан байдаг юм. Яг тэдэнтэйгээ нэг түвшинд очоод анхлан суралцаж буй мэт сэтгээд үзээрэй. Мөн тоглоомын аргууд маш их байдаг. Тэднийг хэрэгжүүлж үзвэл зүгээр. Хэрүүл уруул хатуу ширүүн байдлаар заавал шийтгэл гэж ойлгоод хичээлдээ улам дургүй болно.
-Эцэг эх, багш нар ийм зөрүүтэй ойлголттой байх нь хүүхдэд яаж нөлөөлдөг вэ?
–Хүүхдэд “Би хангалттай сайн биш юм байна” гэдэг бодол төрөх, өөртөө итгэх итгэл унах шалтгаан болдог. Зарим хүүхэд үүнийг уйлах, ааш муудах, анхаарал сарних байдлаар илэрхийлдэг бол, зарим нь зүгээр л дуугүй болно. Тэгэхээр бид зөвхөн “хичээлээ хий” гэж шахахаасаа өмнө “Чи яаж байна?”, “Чи ядарч байна уу?”, “Чи юу бодож байна?” гэж асууж сурах хэрэгтэй. Сэтгэл зүй гэдэг бол хүүхдийн аманд гарч амжаагүй үгийг ч мэдрэх тухай.
-Харин багш нарт хүүхдийн сэтгэл зүйтэй зөв харьцах ямар аргуудыг санал болгодог вэ?
–Юуны өмнө багш хүн хүүхдийг зөвхөн хичээлийн амжилтаар нь бус, мэдрэмж, хандлагаар нь таньж сурах ёстой. Хүүхэд бүрийн онцлог өөр. Зарим нь дуугүй, ангийн ард суудаг ч дотроо маш гүн бодолтой байж болно. Тэдэнтэй итгэлцэл дээр суурилсан холбоо үүсгэх хэрэгтэй.
Жишээлбэл, өдөр бүр ангидаа “Би өнөөдөр хамгийн сайхан зүйл юу мэдэрсэн бэ?”, “Өнөөдөр намайг юу шаналуулав?” гэх мэт 1-2 асуулт тавьж болно. Энэ бол зөвхөн хичээлийн бус, сэтгэл зүйн боловсрол юм.
–Эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
–Эцэг эхчүүд хүүхдээ “том хүн шиг” ойлгож, ачаалал өгөхийн оронд тэдэнтэй ярилцах, сонсох, хуваалцах орон зайг гаргах хэрэгтэй. Зарим хүүхэд өглөө босоод хичээлдээ явахдаа “Би өөр хүн болсон юм шиг” мэдрэмжтэй босдог. Тийм мэдрэмжийг ойлгохгүй бол хүүхэд ганцаардаж эхэлдэг. Тиймээс “Чи яаж байна?”, “Би чамд хайртай шүү” гэдэг үгийг өгөөмөр хэлж байгаарай.
–Материаллаг хэрэгцээнээс гадна сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах талаар та түрүүн хөндсөн?
–Энэ бол олон эцэг эхчүүдийн сэтгэлд байдаг ч амнаас нь гарахгүй үг. Гэхдээ хүүхдүүд тэр үгийг хүлээж байдаг. Бид бүгд дотроо хайртай л байдаг, гэхдээ тэрийгээ хэлэхгүй байсаар хүүхдээ “хайргүй юм болов уу” гэж бодтол нь алдаж болохгүй. Тиймээс би энэ үгийг олон давтаж хэлдэг. Ямар ч хүүхэд, ямар ч багш, ямар ч эцэг эхийн дэргэд хайрын хэл яригдах хэрэгтэй. Энэ бол сэтгэл зүйн хамгийн анхны эмчилгээ юм.
Эцэст нь хэлэхэд, хүүхэд бүрийг зүгээр нэг “сурагч” гэж харах биш, тэднийг бүхлээр нь мэдрэмжтэй нь, мөрөөдөлтэй нь, шаналалтай нь хамт ойлгох хэрэгтэй.






