
Японы Дотоод хэрэг, Харилцаа холбооны яамнаас өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан статистик мэдээгээр 2024 онд тус улсын хүн 908 574-өөр буурч, 120 сая болжээ.
Япон улсын хүн 2009 онд 126.6 сая хүрч, оргил үедээ хүрснээс хойш эдийн засгийн нөхцөл байдал, жендерийн ялгаатай байдал зэрэг хүчин зүйлсээс болж 16 дахь жилээ дараалан буурч байна.
Хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурч, тэтгэврийн насныхны тоо нэмэгдэх нь хамгийн түрүүнд тус улсын тэтгэврийн сан, эрүүл мэнд болон нийгмийн салбаруудад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Японы засгийн газар сүүлийн 10 гаруй жилийн турш хүүхдийн тэтгэмж, орон сууцны хөнгөлөлт зэргийг хэрэгжүүлж, аав нарыг хүүхэдтэй болсны амралтаа авахыг уриалах зэргээр хүн амын хямралтай тэмцэхийг оролдож байгаа ч тэтгэврийн насныхны тоо тасралтгүй өсөж, хөдөлмөрийн насны иргэд, хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй буурсаар байна.
2024 онд тус улсад 687 689 төрөлт, 1.6 сая нас баралт бүртгэгдсэн нь 1968 оноос хойш бүртгэгдсэн хамгийн бага төрөлт, хамгийн их нас баралтын тоо аж.
Олон улсад хөдөлмөрийн насныхан буюу 15-64 насныхан хүн амынхаа дунджаар 65 хувийг бүрдүүлж байгаа бол Японд энэ үзүүлэлт 59 хувьтай байна.
Судлаачдын үзэж байгаагаар амьдрах зардал өндөр, эдийн засаг, цалин хөлсний зогсонги байдал, ажлын байрны соёл, орчин зэргээс болж япончууд цөөн хүүхэдтэй болдог эсвэл бүр хүүхэд төрүүлэхээс татгалздаг байна.
Эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлтэй болж хүүхэд гаргасан л бол ажлаасаа гарч, бүх цаг заваа гэр бүлдээ зориулах ёстой гэсэн хэвшмэл ойлголт тус улсын нийгэмд нэвт шингэсэн байдаг ба үүнтэй холбоотойгоор тус улсад ганц бие ээж, аавууд ч маш ховор байдаг байна.
Японы хүн амын хямралыг шийдвэрлэх өөр нэг гарц гаргалгаа нь гадаадын иргэдийг татах явдал юм. 2024 онд Японд амьдарч буй гадаадын иргэдийн тоо 10 гаруй хувиар өсөж, 3.6 саяд хүрч, рекорд тогтоожээ.
Японы хүн ам энэ эрчээрээ буурсаар байх юм бол 2070 он гэхэд хүн ам нь 30 хувиар буурах эрсдэлтэй ч цагаачлалын бодлогоо эрчимтэй дэмжсэн тохиолдолд хүн амын тоо буурах явдал удааширна гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: CNN






