
Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.
Энэ жил шинжилгээг ХБНГУ-ын лабораторид шинжлүүлсэн юм. Долоодугаар сарын 14-нд шинжилгээний сорьцууд Германд хүргэгдэж, 48 цагийн хугацаанд хариу гарсан. Долоодугаар сарын 15-ны орой гэхэд хариу бүрэн гарч, Бөхийн салбар хороонд цахимаар ирээд буй.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр сэжигтэй хариу байгаа юм билээ гэж хэлээд буй.
Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч утас болон бусад харилцуурууд чөлөөгүй байлаа.
Энэ талаар спортын тайлбарлагч С.Шижирбат, “Яаралтай нөхцөлөөр мөнгөө төлөөд 48 цагийн дараа допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Яагаад зарлахгүй байна аа. Энэ сарын 13-нд нисгээд 16-нд хариунууд мэйлээр ирчихсэн. WADA буюу Олон Улсын допингийн эсрэг агентлагийн дүрэмд ч байдаг. Монголын допингийн эсрэг үндэсний дүрэмд ч байгаа А савнаас илэрвэл олон нийтэд зарлана. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын дагуу хувь тамирчинд хэлээд олон нийтэд мэдээлнэ гээд заачихсан.
Нэг тамирчны шээсийг А, Б саванд хуваагаад хийдэг учраас илэрсэн тамирчин Б саваа өөрийн зардлаар шинжлүүлэх үү, үгүй юу гэдгээ өөрөө шийддэг. Тэр дараагийн асуудал процессоороо үргэлжлээд явдаг. Б савны хариу хүлээнэ тэр болтол олон нийтэд зарлахгүй гэж ард түмний тархийг угаадаг байлаа. Өчнөөн жил хугацаандаа зарладаггүй ард түмнийг бухимдуулдаг дарсан гэдэг хэрүүлтэй явж ирлээ. Хэрэлдэхээс ч аргагүй стандартын зөрчлүүдтэй байж ирсэн.
Одоо бөхийн хүрээнээс хэдэн тооны бөхөөс илэрчээ гэдэг яриа гараад цаашаа сайтууд пэйжүүдээр сэвэгдэж таавар таалгаж, хэрэлдүүлж, хугацаа аваад л. Байж байж тоо нь зөрөөд л дуусдаг сценар өчнөөн жил явсан даа. Дэлхийн бусад төрлүүдэд А савнаас илрээд л дэлхий даяар зарладаг, өчнөөн жишээнүүдийг хэлж болно. Та бүхний сайн мэдэх Монгол тамирчдын ч жишээнүүд бий шүү дээ” гэв.






