
Тайландын Чонбури мужийн Си Рача хотын амьтны хүрээлэнд төрсөн одой усны үхэр өхөөрдөм Мү Дэнг 1 нас хүрчээ
2024 оны 7-р сарын 10-нд Тайландын Чонбури мужийн Си Рача хотын амьтны хүрээлэнд төрсөн одой усны үхэр Мү Дэнг 1 нас хүрчээ. Олны хайрыг татаж, цахим орчинд алдаршсан эгдүүтэй хөөрхөн Мү Дэнгийн төрсөн өдрийг Као Кеоу амьтны хүрээлэн 4 өдрийн турш тэмдэглэж, баярын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Төрсөн даруйдаа алдартай болсон Мү Дэнгийн нэрийг олон нийтийн санал асуулгаар сонгож байсан ба Мү нь тайландаар гахайн мах, Дэнг гэдэг нь хөдөлгөөнтэй, цовоо гэсэн утгатай аж.
Хүмүүс Мү Дэнг гэсэн нэр нь шинээр мэндэлсэн зулзагын хөдөлгөөнтэй, дүрсгүй зан аашийг бусад нэрнүүдээс илүү илэрхийлж байна гэж үзсэн аж.
Одой усны үхэрнүүд нь нийтэч бус, ичимхий зан авиртай бөгөөд төрөхдөө ойролцоогоор 4.5-6.2 кг жинтэй төрдөг ба нас бие гүйцсэн одой усны үхрийн жин 270 кг хүрдэг юм байна.
Арьснаас нь ялгардаг хүчил нь тэдний арьсыг толигор, гялалзсан харагдуулахаас гадна нарны туяанаас хамгаалдаг. Одой усны үхэрнүүд нь Зааны ясан эрэг улс, Либери улсад олноор тархан амьдардаг байсан ч тус бүс нутгуудад ой модыг ихээр устгаснаас болж ховордож, устах эрсдэлд оржээ. Өнөөдрийн байдлаар одой усны үхрийн тоо толгой дэлхий даяар 2000-2499 хавьцаа тоологдож байна.






