
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орууланх баталлаа.
Ингэснээр “Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх” юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн баталлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
“Үндэсний их баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёл, өв уламжлал, зан заншлийг бэлгэдсэн монголчууд бидний уламжлалт их баяр. Үндэсний их баяр наадамтайгаа хамтатгаад бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан. Монголын төрт ёсны уламжлалд бас онцгой хувь нэмэр оруулсан энэ түүхэн үйл явдлуудыг тэмдэглэж иргэдийн ой ухамсарт сануулж нэгдмэл үнэт зүйлээрээ бахархах боломж бололцоо олддог”
Монголын тулгар төр гэж Монголын нутаг дэвсгэр дээр байгуулагдсан анхны төрт улсыг хэлэх бөгөөд үүнийг Хүннүгийн эзэнт гүрэн (МЭӨ III зуун – МЭ 93 он)-тэй холбон ойлгодог. Хүннү улс нь Монголын газар нутаг дээр үүссэн анхны төрт улс бөгөөд төвлөрсөн засаг захиргаатай, цэрэг-улс төрийн хүчирхэг байгуулалтай байжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ үеэс эхлэн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд Тулгар төр байгуулагдсан ойг мөн дурдаж заншсан боловч энэ талаар хуульд тусгайлан заагаагүй байдаг.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн билээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд хааныг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилж, Богд хаант Монгол Улс байгуулагдсан. Үүний үр дүнд Монгол Улс Манж Чин улсын дарлалаас гарч, тусгаар тогтносон буюу шинэ засаглал тогтож, төрийн шинэ бүтэц бий болжээ.
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын улс төрийн тогтолцоо үүсэн хөгжиж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан билээ. Монголын ардчилсан хувьсгал нь нэг намын, төвлөрсөн засаглалын тогтолцооноос олон намын, ардчилсан улс төрийн тогтолцоонд тайван замаар шилжих үндэстнийг хамарсан нийгмийн хөдөлгөөн байсан юм. Энэ хувьсгал нь дэлхийн ардчилсан хөдөлгөөн, нийгмийн шинэчлэлийн санаа сэдлээс урам зориг авч, иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсныг олон нийт зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг.
Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон байдаг. Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал нь Монголчууд бидний төрт ёс, түүхийн салшгүй нэг хэсэг билээ. Тиймээс Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ эдгээр үйл явдлыг санан дурсаж, үндэсний ухамсраа сэрээж байх нь зүй ёсны хэрэг юм.
Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойн баяр наадамтай хамт Тулгар төр байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойг Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор заах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр болох Үндэсний их баяр наадмыг агуулгыг бүрэн илэрхийлэх болно гэж үзэж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар зүйлээр уг хуулийг 2025 оны 7 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө хэмээн хуулийн төсөлд тусгасан ч Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа зэрэг асуудлаас үүдэлтэйгээр 2025 оны 7 сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх боломж нь бүрдэнэ. Харин баяр наадмыг зохион байгуулах комисс болон бусад түвшинд өнөөдрийн хуульд орсон өөрчлөлт бүрэн тусгагдаж орж ирэхгүй байх талтай.