
Данид эмэгтэйчүүд хугацаат цэргийн алба хааж эхэлнэ
Энэ сарын 1-нээс эхлэн Дани улсад сугалаагаар сонгогдсон эмэгтэйчүүд цэргийн албанд бүртгүүлж, хугацаат цэргийн албыг хаах тухай шинэ журам хэрэгжиж эхэлжээ.
Шинэ журмын дагуу Данийн зэвсэгт хүчин хугацаат цэргийн албанд сайн дураар бүртгүүлж буй иргэдээс гадна цэрэгт алба хаах боломжтой эрчүүд болон эмэгтэйчүүдийн дунд сугалаа явуулж, сонгогдсон иргэдийг хугацаат цэргийн албанд татаж эхлэх аж.
Түүнээс гадна хугацаат цэргийн алба хаах хугацааг 4 сараас 11 сар болгон болгон нэмэгдүүлжээ. Дээрх журам хэрэгжиж эхлэхээс өмнө Данид эмэгтэйчүүд цэргийн албыг зөвхөн сайн дураар хаах боломжтой байсан юм. Эмэгтэйчүүдийг цэргийн хугацаат албанд татах болсон нь Дани улс НАТО-гийн гишүүн орны хувьд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх үүрэг хүлээсэнтэй холбоотой аж. Цэрэг татлагын хөтөлбөрийг хариуцсан хурандаа Кеннет Стрёмын мэдэгдсэнээр хугацаат цэргийн албыг хаах иргэдийн тоог нэмэгдүүлэх нь тус улсын зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
2024 онд Данид 4700 орчим хүн хугацаат цэргийн алба хааснаас 24 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байжээ. Шинэ журмын дагуу 2033 он гэхэд Дани улс хугацаат цэргийн алба хаах иргэдийн тоог 6500-д хүргэхээр төлөвлөж байгаа ба өнөөдрийн байдлаар тус улс 9000 орчим цэргийн албан хаагчдын нөөцтэй аж. Европын улс орнуудаас Норвег улс 2013 оноос, Швед улс 2017 оноос эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхэлжээ.