
Дэлхийн бүжгийн спортын холбооноос хоёр дахь удаагаа зохион байгуулсан Латин Хореографик Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Португали улсад амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас оролцсон “Стар” бүжгийн студийн “Star girls” хамтлаг түүхэн амжилт байгуулж, багийн төрлөөр алтан медаль хүртэн дэлхийн аварга болсон юм.
Тус хамтлаг нь 12–14 насны долоон охиноос бүрддэг бөгөөд тэд бүжгийн спортын төрөлд Монгол Улсаас багийн ангиллаар анхны удаа дэлхийн аваргын алтан медаль хүртэж буй нь энэ.
Тэмцээний урьдчилсан шатанд тэд бусад улс орны 9 багтай өрсөлдөж, өндөр оноогоор финалд шалгарсан. Финалын шатанд өмнөх жилийн дэлхийн болон Европын аварга багуудыг 29.689 оноогоор тэргүүлэн, Монгол Улсаа дэлхийд бахархалтайгаар таниуллаа.
Эдгээр авьяаслаг охид Монголын бүжгийн спортод шинэ хуудсыг нээж, олон өсвөрийн бүжигчдэд урам зориг өгсөн бахархалт амжилт бүтээв.
Та бүхэндээ “Star girls” хамтлагийн гишүүд болох М.Аялгуу болон Н.Энхжин нартай хийсэн ярилцлагаасаа хуваалцъя.
-Дэлхийн аварга болсон та бүхэндээ баяр хүргэе. Манай сайтын уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Намайг Мөнхбат Аялгуу гэдэг. Би 12 настай одоо 7 дугаар ангид орж байгаа. Найман настайгаасаа эхэлж “Стар” бүжгийн студид бүжиглэж эхэлсэн.
Намайг Нямпүрэв овогтой Энхжин гэдэг. Би 13 настай одоо 8 дугаар ангид орно. Би есөн настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн.
-Анх яагаад Латин Америк бүжгээр хичээллэх болсон бэ?
М.Аялгуу – Эхлээд би цэцэрлэгт байх үедээ хүүхдийн ордонд олон бүжгээр хичээллэж байсан. Тэр үед цэнгээнт бүжгийг надад илүү тохиромжтой, тууштай явах боломжтой санагдсан учраас сонгож орж ирсэн.
Н.Энхжин – Миний хувьд бас цэцэрлэгээсээ цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн.
-Та хоёр бүжиглэж эхэлсэн цагаасаа хойш нэг хамтлагийн нэр доор тэмцээн уралдаанд орж байгаа юу?
М.Аялгуу – Бид хоёр насны зөрүүтэй болохоор тусдаа тэмцээнд ордог байсан. Өнгөрсөн жилд насны зөрүүгээсээ болоод би доод насны ангилалд, Н.Энхжин дээд насны ангилалд өрсөлдөж байсан юм. Энэ жилээс л хамтдаа тэмцээнүүдэд оролцдог болсон.
“ЗАРИМДАА ЗӨРЧИЛДӨХ ҮЕД НЭГНЭЭ БУРУУТГАДАГГҮЙ ЯРИЛЦДАГ”
-Баг хамтлагаараа байхын гоё тал нь юу байдаг вэ? Бие биедээ хэрхэн тусалж дэмждэг вэ?
М.Аялгуу – Хамт байх нь бие биетэйгээ илүү дотно болгож байгаа ба энэ нь хоорондоо улам чөлөөтэй харьцахад нөлөөлсөн. Алдах юм бол чи энийгээ алдаад байна шүү гээд хэлдэг нь маш гоё санагддаг. Заримдаа зөрчилдөх үе гарвал бие биеийгээ буруутгахгүйгээр хамтдаа шидэлцээд багшаас асуугаад явдаг.
-Онгоцонд суугаад Португал улс руу нисэж байх үед сандарсан уу? Ямар мэдрэмж төрж байсан бэ?
М.Аялгуу – Яг явж байхдаа дотроо бүжгээ болон хайрцгуудаа цээжлээд явж байсан болохоор өөртөө “За за одоо хусна аа хусна” гэж хэлсээр байгаад л очсон.
Н.Энхжин – Онгоцонд суусныхаа дараа унтчихсан. Гэнэт бүжгээ бодоод цочиж сэрээд их гайхсан.
-Өмнө нь өөр улс руу тэмцээнд явж байсан уу? Хэрвээ явж байсан бол тухайн үеийн болон саяны тэмцээний сэтгэгдэл хэр өөр санагдсан бэ?
Н.Энхжин – Түрүү жил БНХАУ-руу тэмцээндээ оролцохоор явсан ч финалд шалгараагүй болохоор сэтгэл санаа сонин байсан. Харин саяны дэлхийн аваргаас алтан медаль авахад хэзээ ч мэдэрч байгаагүй таашаалтай мэдрэмжийг авсан.
-Ар гэр, асран хамгаалагч нар хэрхэн хүлээж авсан бэ? Тэмцээнд явахад нь хамт явсан уу?
Н.Энхжин – Гоё экстрим маягаар хүлээж авсан.
М.Аялгуу – Манай хамтлагийн охины ээж нь орчуулагч хийхээр хамт явсан юм. Бусдаар Б.Ууганцэцэг багштайгаа болон багийн бүрэлдэхүүнээрээ байсан. Манай гэрийнхэн хэт их баярласнаасаа болоод уйлсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь утсаар ярихад нүд нь хавдчихсан харагдсан.
–Бүжгийн бэлтгэлээс гадна хамтлагаараа хийдэг хөгжилтэй зүйлс байгаа юу?
М.Аялгуу – Бүжгээс өөр үед бол кино үзэх, тоглох, гадуур зугаалах зэрэг зүйлс хийдэг. Хааяа нэг нэгэнтэйгээ уулзаад гадаа тоглох үе бий.
Дэлхийн аваргын тайзнаа гарахад багаараа сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?
М.Аялгуу – “За одоо бол чадна, бид нар энэ бүжгийг үзүүлэхийн тулд долоон долоо хоногийг зарцуулсан шүү дээ” гээд л зориглоод гарсан.
“БИДНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН, ШАГНАЛ НЬ ӨӨРӨӨ ИРЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН”
-Өөрсдийгөө нэгдүгээр байр эзлээд аваргын цом авахад мэдэрсэн мэдрэмжээсээ хуваалцаач.
Н.Энхжин – Яг шагналаа авахаар тайзан дээр гарахад зүрх догдлоод, өөртөө итгэхгүй хацраа алгадаж үзээд л байсан.
М.Аялгуу – Олон цагийг хамтдаа бэлтгэл хийж өнгөрөөсөн бидний хөдөлмөрийн үр дүн, шагнал нь өөрөө ирж байгаа юм шиг л санагдсан.
-Монголд ирсний дараа анги хамт олныхон хэрхэн хүлээж авсан бэ?
Н.Энхжин – Найз маань гүйж ирээд “Ээ анд аа!” гээд тэвэрч аваад үнсэж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан шүү.
М.Аялгуу – Манай ангийн найз намайг “International dancer” гэж хэлэхэд би өөрөөрөө их бахархаж билээ.
-Бэлтгэлийн үеэр хичээл номоо хэрхэн зохицуулдаг байв?
Н.Энхжин – Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл тасралтгүй бэлтгэлтэй. Хичээлээс чөлөө авах асуудал багагүй гарсан ч улирлын дүн гарахад багш нар 80-100% гаргасан байна лээ.
-Энэхүү завшааныг ашиглаж хайртай дотно хүмүүстээ хандаж хэлэх сэтгэлийн үгс байна уу?
М.Аялгуу – Мэдээж эцэг эх, гэр бүл, хайртай дотнын хүмүүс, ангийнхан, найз нөхөд, биднийг сургаж хүмүүжүүлж байгаа дасгалжуулагч багш нартаа маш их баярлалаа гэж хэлхийг их хүсдэг.
Н.Энхжин – Үргэлж бидний ард асаалттай танк шиг зогсдог ар гэрийнхэн болон бүх багш нартаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна.
Стар бүжгийн студийн дасгалжуулагч багш, ОУХМ Б.Ууганцэцэг: Бэлтгэлийн танхимд би багшийнхаа дүрээр, хатуу шаардлага тавьдаг
“Хэрвээ би өөрөө тайзан дээр бүжиглэж байсан бол харин ч бүр сандрахгүй, зүгээр л “За одоо л үзүүлээд өгнө дөө” гээд гарна. Харин шавь нарынхаа өмнөөс илүү их догдолж, сандардаг юм байна лээ.
Бэлтгэлийн танхимд би багшийнхаа дүрээр, хатуу шаардлага тавьдаг. Харин бусад үед тэдэндээ ээж шиг нь хандаж хувийн ариун цэвэр, хувцаслалт, сахилга бат гэх мэт бүх зүйлийг хянаж, анхаардаг.
Энэ жилийн бүжгийн дэглэлт маань “Хунт нуур” сэдэвтэй. Манай багш Д.Батсайхан энэхүү санааг гаргаж, Латин Америк бүжгийн спортын төрлийг балеттай хослуулсан. Энэ нь өсвөр насны охидод маш тохирсон, өвөрмөц, сонирхолтой бүтээл болсон гэж бодож байна.
Дэлхийн аваргын тайзан дээр түрүүлсэн тэр мөч үнэхээр мартагдашгүй. Бид маш бага хугацаанд маш их зүйлийг хийж амжуулсан. Энэ бол зөвхөн манай охидын, эсвэл миний ганцаарчилсан амжилт биш — биднийг дэмжсэн бүх хүмүүсийн хамтын амжилт юм.” хэмээн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Ярилцсан: Б.Хүслэн