
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд аяны баг Монгол орны 21 аймгийг бүтэн тойрч, нийт 60,800 гаруй иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулж, 1,140 гаруй орон нутгийн эмч, мэргэжилтнийг чадавхжуулсан нь бодит үр дүнг харуулж байна.

Гурван жилийн өмнө Орхон аймагт хэрэгжиж байсан тус аян энэ жил тус аймгийн иргэдэд дахин хүрч байна. Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна, зорилтот бүлгийн иргэдийг зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын өвчлөл зэрэг чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан орчин үеийн эмчилгээний аргазүйн танхимын сургалт зохион байгууллаа.
Аян 2025 оны 7-р сарын 27-ноос 8-р сарын 2-ны хооронд Булган аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд үргэлжлэн хэрэгжих бөгөөд эдгээр аймаг цусны даралт ихсэлтийн өвчлөлийн эрсдэл өндөртэйд тооцогддог бүс нутагт багтдаг.


Нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэгчийн хувиар ХААН Банк 2007 онд ХААН Банк санг байгуулж, өнөөг хүртэл нийт 523 төсөл, хөтөлбөрт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлжээ. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг зөвхөн эрүүл мэндийн чиглэлийн аян, хөтөлбөрүүдэд зарцуулсан нь иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчирсан ажлуудын нэг билээ.
Халуун өдрүүдэд цусны даралт ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Аяны хүрээнд уншигч та бүхэнд үргэлжилсэн зуны халуун өдрүүдэд цусны даралт ихсэлтээс хэрхэн сэргийлэх талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс ирүүлсэн энгийн зөвлөмжийг хүргүүлж байна.


Энгийнээр “даралт ихсэх” хэмээн нэрлэгддэг цусны даралт ихсэх өвчин нь олон төрлийн хүнд өвчний суурь шалтгаан болдгийг олон хүн тэр бүр мэддэггүй. Тэр дундаа зуны аагим халуун өдрүүдэд бидний бие шингэн ихээр алдаж, судасны хана ачаалал авах нь даралт нэмэгдэх эрсдэлийг улам өсгөж, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг хүндрэлд хүргэх эрсдэлтэй байдаг.
- Ус сайн уух: Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 2–2.5 литр ус уух шаардлагатай. Харин кофе, хийжүүлсэн ундаа, архи зэрэг нь биеэс шингэн гадагшлуулах үйлчилгээгээрээ даралт ихсэхэд нөлөөлдөг тул болгоомжтой байх хэрэгтэй.
- Хөдөлгөөнтэй байх: Хэт халуун үед хүчтэй дасгал хийх нь даралт нэмэгдүүлэх эрсдэлтэй тул оройн сэрүүнд алхах, хөнгөн сунгалт хийх зэргээр биеийн идэвхтэй хөдөлгөөнийг хадгалах нь зүйтэй.
- Даралтаа тогтмол хянах: Толгой эргэж, ядарсан мэдрэмж төрвөл цусны даралт ихсэж байгаагийн дохио байж болно. Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120/80 байдаг ба үүнээс хэтрүүлэхгүй барих нь чухал. Тогтмол даралтаа хянаж хэвших нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

