
Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсвийн орлогоо бүрдүүлэх зорилгоор Алт-3 аяныг эхлүүлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, Монгол Улс 500 гаруй тонн алтны нөөцтэй. 2025 оны сүүл гэхэд 100 тонн алт олборлох төлөвлөгөөтэй байгаа гэсэн юм.
Тэгвэл, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн 14 нь өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээнд ашиглагдаж байгаа бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 орд ямар нэг хуулийн хориглолт байхгүй ч эдийн засгийн эргэлтэд ороогүй байна.
Мөн нийт 80.1 тонн нөөц бүхий 13 алтны үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, үлдсэн орд болон нөөц нь бусад төрлийн хориглосон, хязгаарласан талбайд хамаарч байна.
Дэлхийн алтны батлагдсан нөөц 52 мянган тонн гэгддэг бол Монгол Улс дэлхийн нөөцийн нэг хувийг эзэлдэг.
Одоогийн байдлаар Монгол Улсад хүчинтэй байгаа 560-аад лиценз бий. Үүний 85 хувь нь шороон ордынх. Хэдийгээр лиценз нь өндөр хувьтай ч алтны нөөц буюу нийт тодорхойлогдсон алтны 15 хувь нь л шороон орд дээр байгааг салбарын сайд онцолсон.
Өөрөөр хэлбэл, шороон ордын тусгай зөвшөөрөл их нөөц бага гэсэн үг. Харин алтны үндсэн ордын тухайд лицензүүдийн 10 гаруй хувь хамаардаг. Олборлох алтны хэмжээ нь эсрэгээрээ 80 гаруй хувь. Энэ бүхнээс харахад Монгол Улс эдийн засгаа эргэлтэд оруулах, тэлэх бүрэн чадамжтай юм.
Дэлхийн зах зээлд алтны үнэ сүүлийн нэг сард түүхэн дээд хэмжээндээ хүрч, ганц грамм алт 394.000 төгрөгт хүрсэн.
Монгол Улс өмнө нь,
- 1992-2000 онд “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг,
- 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байсан.
Одоо хэрэгжүүлэх “Алт-3” аян нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд гурван тонноос дээш батлагдсан нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа хийгдэж байгаа бөгөөд ойрын хоёр жилийн хугацаанд шороон ордын алтны тушаалт 20-30 хувиар нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Мөн дунд хугацаанд 45 ордын нийт 129.1 тонн алтны нөөцийг ашиглалтад оруулж, жил бүр дунджаар 10 орчим тонн алт Монголбанканд тушаагдах тооцоо гарчээ.