
Улсын хэмжээнд өнөөдөр 22:00 цагийн байдлаар 13 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага ирснээс Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад гарсан 6 түймрийг бүрэн унтраасан бол, Хэнтий, Сэлэнгэ аймагт одоогоор 7 голомтод унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Гал унтраах ажиллагаанд нийт 778 хүн, 106 автомашин оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян биечлэн “Доргон толгой” голомт дээр удирдлага зохион байгуулалтыг хийж байна.
Гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэд, зарим аж ахуйн нэгжүүд гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцох, багаж тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхийг уриалж эхлээд байна.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд гал унтраах ажиллагаанд хоол, ус, ундаа, техник, тоног төхөөрөмжөөр хангах, санхүүгийн болон материаллаг дэмжлэг үзүүлэх бол орон нутгийн байгууллагууд цэрэг, сайн дурын баг, иргэдийнхээ дэмжлэгийг татан оролцуулан гал унтраах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриалж эхэллээ.
Гал түймэр унтраахад иргэн бүрийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийн хамтын хичээл зүтгэл чухал билээ.