
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдон, кабинетээ бүрдүүлж, шуурхайлан ажилдаа орлоо.
Тэрээр нийгэм, эдийн засгийн хамгийн өндөр хүлээлттэй асуудлуудаар ажлаа эхэлсэн. 2025 оны төсвийн орлого 2,3 их наядаар тасарч байгаа тул тодотгол хийж эхэлсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдээр нийгмийн эрүүл мэндэд аюужл дагуулж буй Улаанбурхан өвчний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, мэргэжлийн байгууллагад нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах чиглэл өгсөн гээд олон нийтээс оноо цуглуулж эхэлсэн.
Гэвч түүний кабинетэд ашиг сонирхлын зөрчилтэй хэд хэдэн сайд бий.
“Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно” гэж хуульд заасан байдаг.
Засгийн газрын гишүүн бол нийтийн албан тушаалтан юм. Энгийнээр тайлбарлавал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд гэдэг нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес, компанитай хэрнээ тухайн салбараа тэргүүлэн ажиллаж байгаа гэсэн үг.
МАН цаашлаад Монголын төрд сайд хийх эрх ашгийн зөрчилгүй улс төрч үгүй болсон уу гэлтэй хүмүүс сайдын албыг зайдагнан хашсаар байна. Энэ байдал Г.Занданшатарын Засгийн газарт ч байгаа нь иргэд бидний итгэл үнэмшил төрөхгүй байх хамгийн том шалтгаан болж байна.
Тухайлбал,
– Энэ Засгийн газарт улиран Зам, тээврийн сайдаар ажиллаж байгаа Борхүүгийн Дэлгэрсайхан нь Монголын төрд 2016 оноос хойш УИХ-ын гишүүн, салбар хариуцсан сайдаар ажиллаж байна. Тэрбээр анх гишүүн болж байхдаа Дорнын говь ХХК, Монголиан Транс Ложистик ХХК, Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь Шанд Анд ХХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Их говийн Шанд ХХК, Их Дэлгэрэх хэт ХХК, Ди Эс Эн Кей ХХК, Монтаймайнз ХХК, Миллениум Саксэс ХХК, Дорнын төмөр зам ХХК, Эйфел Вью Юниверсал Холдингс ХХК-д хувь эзэмшилтэй байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд дээрх компанийн хувь эзэмшлээс өөрийн нэрээ хасуулсан ч ашиг сонирхлын зөрчилгүй болчихсон гэсэн үг биш юм.
Б.Дэлгэрсайхан сайдын ах Б.Ганхуягийн хүү Г.Гантулга нь Монголиан транс лайн компанийн эцсийн өмчлөгч юм. Тус компани 2022-2023 онд Ханги-Мандалын чиглэлийн 226 км төмөр замыг өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Одоо Б.Дэлгэрсайхан салбарын сайдын хувьд эл чиглэлийн төмөр замыг Хятадын Мандал боомтой холбох асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хамаарал бүхий компанийн барьсан төмөр замыг Хятадын төмөр замтай холбох гол ажлыг гардан хийж буй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчиж буй үйлдэл юм.
Мөн Б.Дэлгэрсайхан сайд хувьдаа хамгийн олон вагонтой гишүүн гэдгээ өөрөө ч зарладаг. Тэрээр хэлэхдээ “УБТЗ вагонгүй байхад би 3000 вагон оруулж ирж эдийн засагтаа том хувь нэмэр болсон. Би хувийнхаа ачааг энэ вагоноор зөөдөггүй шүү” гэж ярьж байсан. Одоо тэрээр 3000 гаруй вагонтой, компанидаа тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргадаг Зам тээврийн салбарын сайдаар улиран ажиллаж байна
– Одоогийн Засгийн газрын 20 сайдаас УИХ-д хамгийн удаан ажиллаж байгаа нь Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн. Тэрээр 2006 оноос хойш таван удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэр цагаас хойш Төрийн ордноос салаагүй бөгөөд Сангийн сайд, 2022 оноос Эрчим хүчний сайдаар тасралтгүй ажиллаж байна.
Түүний хувьд “Хурд Хүнс” ХХК, “Хурд Авто” ХХК, “Хурд групп” ХХК, “Рапид харш” ХХК, “Хаус инвест” ХХК, “Сауд гоби блейк гоулд” ХХК, “Апартмент Кей Эйч” ХХК, “Говь гоё сайхан” ХХК, “Өмнийн гоё говь” ХХК, “Хурд Транс” ХХК, “Хурдпропертийз” ХХК, “Эйжнложистик бридж” ХХК, “Юнайтедтранс групп” ХХК, “Хурд ресурс” ХХК, “Хурд центр” ХХК, “Юнайтед ложистик групп” ХХК, “Хурд стандарт” ХХК, “Хурд майнинг” ХХК, “Хурд капитал” ХХК, “Хурд-Энержи” ХХК, “Нэшнл майнинг групп” ХХК, “Монконс” ХХК, “Беллвью пропертис” ХХК, “Түмэн найрамдал” ХХК, “Хурд юнайтед финанс” ХХК, “Эрхий мэргэн цэцэрлэг” ХХК, “Нэйшнл майнинг лаб” ХХК, “Хаус инвест такс” ХХК, “Кэй Би тауэр пропертис” ХХК ХХК, “Сауд гоби петро ойл транс” ХХК, “Хос гэрэлт авто сервис” ХХК гэсэн 31 компанитай бөгөөд барилга, эрчим хүч, санхүү гээд бараг л бүх чиглэлийн салбарт гар хөлнийх нь үзүүр хүрчихсэн ашиг сонирхлын асуудалтай хүн.
Дараагийн ашиг сонирхлын зөрчилтэй сайд бол Жадамбын Энхбаяр. Тэрээр дөрөв дэх удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдэврийн сайдаар энэ Засгийн газарт улиран ажиллаж буй.
2019 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан нь олон нийтэд ил болж, үүнээс болж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Гэсэн ч тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдож 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан.
Ж.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй сайд гэхийн учир нь газар тариалан, мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанитай. Тодруулбал, “Газар” ХХК-ийг 100 хувь, “Газар буудай” ХХК, “Газар шим” ,“Газар капитал партнерс” ББСБ-ын 74 хувийг эзэмшдэг байна.
Салбарын сайд болоогүй байхдаа тус салбарт олгодог хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий компаниараа авч байсан эрхэм.
– Засгийн газрын бүрэлдэхүүнд шинэхэн орж ирсэн сайд бол УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням. “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэдэг шиг багш, боловсролоор имижээ бүрдүүлж парламентад хоёронтоо сонгогдсон Г.Дамдиннямыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд буюу уул уурхайн салбарт томилчихсон нь юуны учир вэ гэх хүмүүс байсан.
Учгийг тайлбал,
Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий компани хайгуулын тусгай зөвшөөрөл хамж аваад түүгээрээ АТГ-т шалгагдаж байсан. “Милонит” ХХК, “Мөнх-Аялал” ХХК, “Бронзикейстл” ХХК, “Суфу” ХХК, “Говькараван” ХХК зэрэг таван компани оролцсон байна. Улмаар 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явагдсанаас НАЙМАН талбайд “Говькараван” ХХК компанид илт давуу байдал олгон шалгаруулсан аж. Энэ нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий компани. Бүр тодруулбал, түүний эхнэр Ц.Уянгын хамааралтай байж болзошгүй компани гэх мэдээлэл цацагдаж байсан.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр нэр дэвшихдээ гаргаж өгсөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн 20 хувь, “Хера инвестмент” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ мэдүүлж байв. Харин УИХ-ын гишүүн болоод “Марка коиба” ХХК, “Оргилфинанс” ХХК, Топ майнинг солюшнс” ХХК, “ВМП” ХХК, “Хера инвестмент” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэгт хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 2017 оноос Канад Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Улсын Их хуралд сонгогдсон байдаг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Занданшатарын томилсон Г.Дамдинням мөн л уул уурхай, эрдэс баялгийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй нь эндээс харагдаж байна.