
1.5 сая дагагчтай Австрали влоггер залуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зорин ирж, аялсан. Түүнийг Luke damant гэдэг. Энэ тухайгаа мөн Нарантуул олон улсын худалдааны төвийг зорин очиж, үндэсний хувцас буюу монгол зузаан цамц худалдан авч, ингэхдээ тус захад “Малгайны Хүрэлээ” нэрээрээ алдаршсан н.Хүрэлбаатартай англиар ярьж тэр тухайгаа аяллын влог бичлэгтээ оруулан цацсан. Ингэснээр Австралийн жуулчинтай англиар ус цас шиг ярьж буй н.Хүрэлбаатар олны анхааралд яахын аргагүй өртсөн билээ. Тэгвэл бид Нарантуул төвийг зорин очиж, түүнтэй цөөн хором ярилцлаа.
–Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Хүрэлбаатар гэдэг. Энэ Нарантуул зах дээр худалдаа эрхлээд нэлээн олон жил болж байна. Ер нь тэгээд л энэ худалдаа арилжаа хийж байхад янз янзын л хүмүүс ирнэ шүү дээ. Гаднын дотоодын хэчнээн хүмүүс л ирнэ. Англи хэлийг одоо телевизээр ч зөндөө сургалт явагдаж байгаа шүү дээ.
-Таны хувьд Австралийн влоггер Luke damant буюу Youtube дээр 1.5 сая дагагчтай залуутай англиар маш сайн ярилцаж, Монгол үндэсний хувцас худалдаалж буй бичлэг цахим орчинд олны талархлыг хүлээсэн. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Тийм олон жилийн өмнөөс л телевизээр явагдсан. Урьд нь би аялал жуулчлалын чиглэлээр олон жил “Цолмон Травел” гэж компанид ажилласан, өөрөө бол ер нь жолооч хүн. Тэр залууг ерөөсөө анзаараагүй. Тэгсэн бичлэг хийдэг жижигхэн камертай явсан юм билээ. Энэ 4 сард билүү, 5 сард ч билүү нэг тийм залуу тийм ирээд л явсан юм.
Манай хажуу худалдаа эрхлэгч нар Хүрэлээ ахаа энэ жуулчин юу гэнэ вэ? Та нааш ир дээ гээд л дуудаад тэгээд тэр залуу худалдан авалт хийсэн.
-Тэр влог бүтээдэг залуугийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор аялсан бичлэгт, мөн монгол орны тухай тэр дундаа таны тухай бичигдэн цацагдсан нь олны анхаарлыг эрхгүй татсан. Энэ тухай та хэрхэн мэдэв?
-Манай охин нөгөө Австралид байдаг байхгүй юу. Ингэсэн тэр л харин найзууд нь энэ танай аав л мөн шиг байх юм гээд л хэлсэн байсан. Тэгээд л харин энэ олон дагагчтай хүнтэй танай аав чинь ярилцлага хийсэн мөн шиг байна гээд. Гэтэл манай охин ч бас мэдээгүй юм байна лээ.
Тэгээд харин над руу тэр бичлэгийг явуулсан байхгүй юу. Тэр олон дагагчтай тийм хүний бичлэг дорхноо л цацагдаад явчихдаг юм байна. Монголын ард түмэн, олон сайхан хүмүүс, залуучууд их гоё тийм эерэг сэтгэгдэл над руу маш их явуулсан л даа. Тэр хүмүүст бүгдэд нь бас баярлалаа гэж хэлье.
-Таны хувьд олон жил жуулчидтай хамтдаа тээвэрт явж ажилласан уу? Таны дуудлага маш цэвэр байсан. Мөн Герман хэлээр сайн ярьдаг хэмээн ажлын хамт олон нь онцолж байсан?
-Маш олон жил тэр ажлыг хийж, хар бага залуугаасаа л тээврийн жолооч байлаа. Анх ингээд л зах зээл эхлээд л аялал жуулчлалаар олон жил ажилласан даа. Германаар ч ярьчихна, англиар ч ярьчихна. Хувиараа л бие дааж суралцсан даа.
-Хувиараас бизнес эрхлээд энэ салбарт хэр удаан ажиллаж байна вэ?
-Энэ зах дээр олон жил наймаа хийж байгаа, ер нь сайхан л байдаг даа. Бас тэгээд ер нь аялал жуулчлалаар явалгүй нэлээн олон жил болчихлоо. Тэгээд удахаар хүн чинь мартана шүү дээ.
Энд наймаа арилжаа хийж байхад тэгээд л гаднын хүн ирэхэд сайхан л даа. Нэг жаахан сурсан хэлийг чинь тэр хүмүүстэй бас ойр зуур харилцаад ингээд байж байх их зүгээр байдаг юм.
Заримдаа манай энэ хавийнхан ойр орчмын хүмүүс бол тэгээд л дуудна. Өө Хүрэлээ ах аа нааш ир, энд юу гээд байна? Ойлгодоггүй ээ гэдэг. Үгүй ээ тэгээд яах вэ бие биедээ тус дэм болгоод л тэгээд бас сайхан л байдаг юм.
-Та жилийн дөрвөн улиралд эндээ бизнес эрхэлдэг үү? Зуны улиралд жуулчидтай хөдөө орон нутагт тээвэр хийдэг үү?
-Зуны цагт бол аялал жуулчлалаар их явчихдаг. Тэгээд манай гэрийн хүн зогсдог юм. Гэхдээ өвөл ч зогсдог, хааяа өвөл Австралид суралцдаг охин руугаа оччихоод ирдэг.
-Таны хувьд англи хэлийг хэрхэн яаж, хаана суралцав?
-Би юүтүб бичлэг, мөн телевизээр англи хэлний хичээлүүд маш сайн үздэг. Гэрт англи хэлний хичээлтэй олон CD, хэд хэдэн дэвтэр бий.
Хамгийн гол нь хүн чинь ер нь хүмүүсийн ярьж байгааг сонсох маш их чухал байдаг байхгүй юу. Ер нь гадаад хэлээр тэр хүний аялга акцент ямар байна вэ? Мөн хүн чинь өөрийн идэвх зүтгэл гэж юм байх ёстой.
Чухал нь гадаадын хүмүүстэй аялал жуулчлалаар явж байсны бас ач тус л гэж боддог юм шүү дээ. Гол нь тэгээд тэр хүмүүсийн яриаг их сайн сонсох хэрэгтэй. Герман хэлийг бас хувиараа шахуу сурсан даа.
Гадаад хэлээр санаа зоволгүй яриад л, хамгийн гол нь өөрөө идэвхтэй, үгээ цээжлээд л хүмүүсийн ярьж байгааг маш сайн сонсоод л.
-Таныг энэ хавийнхан “Малгайны Хүрэлээ” гэдэг нэрээр анддаггүй юм байналээ. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг вэ?
-Голдуу малгай, оймс, тэгээд л ойр зуурын л юм зардаг шүү дээ.
Ер нь ихэнх хүмүүс оймс ч авна, малгай ч авна. 2000 он дөнгөж гараад л худалдаа наймаа хийж эхэлсэн. Одоо 20 гаруй жил болж байна.
-Олон орны жуулчидтай аялаад, яриад, харилцаад л явж байхад дуудлага нь янзр бүр, өөр өөр байх?
-Тийм. Өөр өөр байдаг. Тухайлбал, францууд бол ерөнхийдөө яг өөрийнхөө аялгаар маягтай англи хэлээр ярьдаг. Жишээлэх юм бол тэгээд тийм улсууд зөндөө бий л дээ.
Гэхдээ хамгийн гол нь одоо зөв сонсох л чухал байдаг байхгүй юу. Нөгөө аялга акцентыг нь яаж ярьж байна вэ гээд л. Тэрнээс болоод үгчлэн ингээд ярих юм бол энэ чинь бас л өөр шүү дээ. Өөр сонсогдоно.
Болж өгвөл хүмүүстэй өөрсөдтэй нь сайн харилцаж яривал чих онгойгоод бүр сайн ойлгодог болдог. Түүнээс би уншиж, бичихдээ жаахан тааруухан, харин ойлголцоод ярихдаа их сайн.
Гадаад хэл сурч буй, сурах гэж зорьж буй залууст хандаж хэлэхэд маш сайн хичээ, бас идэвх зүтгэлтэй бай, битгий шантраарай. Гадаад хүмүүстэй яриагаар сайн харилцаж ярьж байхыг зөвлөе.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: