
Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2050 онд 16 хувь болж өснө.
Тухайлбал, Ази, Номхон далай бүсийн зарим улсуудад насжилт нэгдэж, хүн ам зүйн өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Бүс нутгийн хэмжээнд 2050 он гэхэд 60-аас дээш насны иргэдийн тоо 2 дахин нэмэгдэж, 1.3 тэрбумд хүрэхээр байна.
Хурдацтай өсөж буй насжилт нь улс, үндэстнүүдийн онцлог, ялгаатай байдлаас үл хамааран нийгэм, эдийн засаг, соёл, хүн ам зүйн сорилтуудтай тулгарч байна.
Ахмад настныг халамж хүртэгч, нийгмийн идэвхгүй гишүүн мэтээр харах өрөөсгөл ойлголт давамгайлж байгаагаас үүдэн ялгаварлан гадуурхалтаас ангид байх, нийгмийн амьдралд тэгш оролцох, нийгмийн баялгаас тэгш хүртэх зэрэг хүний эрх зөрчигдөх явдал дэлхий нийтэд түгээмэл байна.
Гэвч олон улсын хүний эрхийн баталгаа нь ахмадуудаас хол, тэдний онцлогт тохироогүй, эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байна.
Иймд Иргэний нийгэм, хүний эрхийн байгууллага болон олон улсын байгууллагуудын зүгээс ахмадын эрхийн чиглэлээр бие даасан Конвенц батлахыг олон жил шаардаж ирсэн.
Үүний үр дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны хүний эрхийн талаарх Конвенц боловсруулах асуудлыг 2025 оны 58 дугаар чуулганаараа авч хэлэлцэн “Ахмад настны хүний эрхийн талаарх олон улсын заавал дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий баримт бичгийг боловсруулах, Хүний эрхийн зөвлөлд өргөн барих мандат бүхий Засгийн газар хоорондын нээлтэй ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн энэхүү санаачилгыг дэмжиж “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү форумаар:
- Олон жил яригдсан Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын Конвенцыг батлуулах үйл явцын хүрсэн үр дүнг урагшлуулах
- Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Насжилтаас үүдсэн тулгамдсан асуудал, боломж, шийдлийг хүний эрхийн суурилсан хандлагаар хэлэлцэн
- Ахмадын настны эрхийг хамгааллыг нэмэгдүүлэх, санал санаачилгуудыг дэмжихэд чиглэсэн “Улаанбаатарын уриалга”-ыг батална.