
Зуны улирал эхлэхтэй зэрэгцэн нийслэл Улаанбаатарын гудамж, хорооллууд цагаан хөвөнгөөр бүрхэгдэн, иргэдийн амьдралд таагүй нөхцөл үүсгэж байна. Яг л зун цас орж буй мэт санагдах энэ үзэгдэл жил бүрийн өдийд хаа сайгүй үүсдэг. Иргэд гудамжаар алхаж, цонхоо нээхэд модны цааган хөвөн хамар, ам руу орж бухимдал үүсгэж буй тухай цахим орчинд ч бүхэлдээ бичиж байна.
Иргэд ингэж цахим орчинд эрчимтэй шүүмжлэн, бие биедээ анхааруулж, бухимдлаа илэрхийлж, модны хөвөн ам, хамар, хоолойд орж, амьсгалахад хүндрэл учруулж байгаа нь харшил үүсгэх хийгээд эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй эсэх талаар бид “Аллерги Мед” эмнэлгийн Арьс харшлын Их эмч А.Золжаргалаас тодрууллаа.
Цагаан хөвөн хамрын салстын мэдрэлийн рецепторуудыг өдөөж байдаг учраас харшилгүй ч гэсэн харшлын өдөөлт үүсэх тохиолдол бий
-Улиас модны хөвөн ойрын өдрүүдэд ихээр унаж байна. Энэ нь харшил үүсгэх эрсдэлтэй юу?
-Энэхүү хийсээд байгаа хөвөн нь ургамлын тоосонцрын төрөлдөө орно. Ургамлын тоосонцрын харшил гэдэг маань өөрөө хамар битүүрэх, хамрын салстын хөөлц, нүдний салстын хөөлц, үрэвсэл, зарим тохиолдолд чих загатнах, найтаалгах, хоолой загатнах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Суурь арьсны өвчтэй хүмүүс дээр хавсарсан харшлын ургамал байгаа тохиолдолд тухайн хүний арьсны өвчнийг сэдрээх боломжтой байдаг. Харшилгүй хүн байсан ч цагаан хөвөнгөөс болоод хамар эрвэгэнээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө хамрын салстын мэдрэлийн рецепторуудыг өдөөж байдаг учраас харшилгүй ч гэсэн харшлын өдөөлт үүсэх тохиолдол байна.
-Иргэд яаж хамгаалах вэ?
-Харшилтай ч бай, харшилгүй ч бай урьдчилан сэргийлэх аргийн хамгийн түрүүнд маск байдаг. Энэ нь амьсгалын замаар тухайн харшил төрүүлэгч тоосонцор орохоос сэргийлдэг. Нүдний салст ч бас хамгийн түрүүнд өртдөг учраас нүдээ хамгаалаад шил зүүж болно. Тоосжилт ихтэй үед аль болохоор гадуур өмссөн хувцсаа гэртээ оронгуутаа сольдог байх хэрэгтэй. Үсээ боох нь бас тустай.
-Харшилтай эсэхээ иргэд хэрхэн яаж мэдэх вэ?
-Сүүлийн жилүүдэд харшлаар өвчилж байгаа хүмүүс улам залуужиж байна. Хүүхдүүд голдуу өвдөж байгаа нь ажиглагддаг. Мөн жил ирэх тусам түүнийгээ дагаад тоон үзүүлэлтүүд ч өссөөр байна. Тухайн хүн урьдчилан сэргийлэх байдлаар харшлийн сорилоо өгөөд ямар ургамлаас харшилтайгаа мэдсэнээр, тохирох арга хэмжээг авах юм бол ямар ч харшил эмчлэгдэх боломжтой.
-Харшилтай болсноо мэдвэл ямар алхам хийх вэ?
-Хэрвээ харшлын шинж тэмдэг илэрсэн бол хамгийн түрүүнд харшлын нарийн мэргэжлийн эмчид хандаад тухайн хүндээ тохирсон харшлын сорилыг өгөөд ургамлын тоосонцорт дархлаа тогтоох эмчилгээ хийж болдог. Өөрөөр хэлбэл тухайн тэр харшилж байгаа ургамлынх нь тоосонцрыг лабораторийн аргаар маш бага тунтай савлаад тухайн хүнд бага багаар гар биед нь дасгаж өгдөг гэсэн үг.
-Хүн төрөлхийн эсвэл эцэг, эхийнхээ харшлыг удамшиж авна гэж байх уу?
-Эцэг эхийн аль нэг нь харшилтай байх юм бол тухайн хүүхдэд өөрөө харшил үүсэх магадлал нь 50% гэж явдаг. Хоёулаа бол 75% гэж явна. Тухайн хүний дархлааны байдлаас хамаараад хэдэн ч настайд ч илэрч болно. Заавал төрхөөсөө харшилтай байна гэж байхгүй.
Харшилтай хүмүүст энэ үе /6-р сарын эхээр/ хамгийн хүндрэлтэйд тооцогддог. Хамар битүүрэх, нүд загатнах, хоолой хөндүүрлэх, амьсгалын замын үрэвсэл үүсэх зэрэг шинж тэмдгүүд өдөр тутмын амьдралд нь ихээхэн бэрхшээл нэмсээр байна.
Харин харшилгүй хүмүүс ч тайван амьсгалж чадахгүй, гадагш гарахдаа болгоомжлох болсон нь олон нийтийн санааг зовоож буй.
Жил бүрийн зун давтагддаг энэ үзэгдэлд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь хүүхэд, өндөр настай хүмүүс болон амьсгалын замын эмгэгтэй иргэдийн хувьд эрүүл мэндэд нь шууд аюул учруулж байгаа нь анхаарал татаж байна.
Мэргэжлийн эмч нарын зүгээс улиас модны хөвөн ихээр унаж байгаа энэ үед хувь хүн өөрөө өөрийгөө хамгаалж, амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих нь хамгийн сайн арга гэдгийг хэлж байна.
Б.Хүслэн