
УИХ-ын чуулганы хуралдаан 17:40 цагт эхэлсэн. Яг одоо 22:40 цагт үргэлжилж байна. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч буй.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Шинэ Засгийн газрын гишүүд алдаа гаргаад, идэж уугаад яваад байвал хатуу хариуцлага тооцох нь зүйтэй
Эв эеийг эрхэмлэе. Гадаад, дотоодын эгзэгтэй хүнд үед Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн томилогдож байна. Энэ Засгийн газрын тогтвортой байдалд илүү анхаарах ёстой. Өмнөх Засгийн газрын бодлогынх нь залгамж халааг үргэлжлүүлж явахад бид бас дэмжиж өгье. Харин эсрэгээрээ хийсэн болгоныг нь шүүмжлээд улыг нь шагайгаад явбал ямар ч хүний, ямар ч байгууллагын ажил урагш явдаггүй гэдгийг бид мэддэг.
Харин дэмжээд, урам өгөөд явбал ямар ч байгууллага болон хүн урагшлаад ажилладаг. Тийм учраас бид бол Засгийн газраа нэг жил ч хүрэхгүй огцруулчихлаа.
Үүн дээрээ бид сургамж аваад цаашдаа тогтвортой байх дээр анхааръя гэдгийг хэлмээр байна. Харин алдаа гаргаад, идэж уугаад яваад байвал хатуу хариуцлага тооцох нь зүйтэй.
Ерөнхий сайд та Япон лугаа хөгжье гэж уриалдаг хүн. Боловсролын жилтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хасахгүй байж чадах уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаа бууруулахгүй.
Яагаад гэвэл хүний хөгжил бол манай мега төсөл байна. 2026-2028 онд улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг барина.