
Эрүүл мэндийн байгууллагуудын одоо хэрэглэж буй цахим систем нь бүрэн биш учраас цаасан байдлаар зарим мэдээллийг давхар хөтөлдөг, зарим мэдээллүүдийг огт бүртгэдэггүй, стандарт бус мэдээллүүд, гар аргаар нэгтгэдэг зэрэг байдлууд нь бүтээмжид сөргөөр нөлөөлж, ажлын ачааллыг бий болгодог аж. Дээрх асуудлыг шийдвэрлэж бүрэн цахимжуулах зорилгоор маягтыг өгөгдөл хэлбэрт бүрэн шилжүүлж, мета дата бий болгосон.
Улмаар олон улсын эмнэлгийн цахим систем, үйлдлийн кодлолд, ангилал стандартыг ашиглах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэлтийг туршилтаар эхлүүлсэн байна. Үүний үр дүнд эмнэлгүүд бүрэн цахимжиж бүтээмж нь илүү сайжрах, үр дүн тайлагналтын системүүд илүү боловсронгуй болох юм.
Эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн анхдагч маягтыг өөрчилж, цаасан хэлбэрээс өгөгдлийн хэлбэрт шилжүүлж, олон улсын кодчиллын ангилал, стандарт руу шилжүүлэх замаар эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ.
Мөн Эрүүл мэндийн яамнаас эмийн бүртгэл, ханган нийлүүлэлтийн үндэсний цахим системийг бий болгох ажлыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн мэдээлэл технологийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн байна.