
Нойрны үргэлжлэх хугацаа болон нойрны чанараараа сүүл мушгидаг Япон улсын хүн ам нойргүйдлээрээ дэлхийд тэргүүлдэг билээ.
Тэгвэл Японы Konel компани, цахим консалтингийн үйлчилгээ үзүүлдэг NTT DX Partners компанитай хамтран нойр хүргэж, түр унтуулж амраах зорилготой ZZZN Sleep Apparel System нэртэй “ухаалаг” куртка зохион бүтээжээ.
Эдогийн эрин үед япончуудын өвлийн улиралд унтахдаа өмсдөг байсан “ёги” нэртэй ширмэл кимоног санагдуулам уг ухаалаг курткатай дагалдаж ирэх бөгж нь таны нойрны чанар, зүрхний цохилт, биеийн хэм, стрессийн түвшин зэрэг датаг цуглуулна.
Ингэснээр уг куртканы эзэн нь метронд зорчиж байхдаа, үдийн хоолны завсарлага авсан үедээ, хаана ч хэзээ ч курткагаа өмсөн, юүдэнг нь толгой дээгүүрээ нөмрөхөд нойрыг нь хүргэж, түр унтуулж амраахад тохирсон дуу чимээ, гэрэл зэргийг гаргах аж. Юүдэн дотор гарах улаан гэрэл нь нойрыг хүргэж, хөх гэрэл нь мелатонин дааврын ялгаруулалтыг дарангуйлж, сэрээх зорилготой аж.
Куртканы улаан гэрлийн анивчих давтамж нь гүн нойрсолтын үеийн амьсгалын давтамжтай ижил байх ба дагалдах дуу чимээ нь тархины долгионд нөлөөлж, таатай нойрсох нөхцөлийг бүрдүүлж өгнө гэжээ. Судалгаагаар япончууд нойрны асуудлаас болж жилд 138 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ий 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг алддаг болох нь тогтоогджээ.
Нойргүйдлийн асуудал маш ноцтой түвшинд хүрсэн учир Японы зарим сургууль, албан байгууллагуудад өдрийн цагаар унтаж амрах цаг хүртэл гаргаж өгсөн байдаг аж.
Mayo Clinic төвөөс хийсэн судалгаагаар өдрийн цагаар 20 орчим минут түр унтаж амрах нь сэтгэл санаа, ой санамжийг сайжруулах эерэг нөлөөтэй байдаг бол 20-иос дээш минут унтах нь нойрны мөчлөгийг алдагдуулж, хүнийг улам ядраах сөрөг нөлөөтэй байдаг аж.