
“Friends” цувралд Чендлерийн дүрийг бүтээсэн жүжигчин Мэтью Перрид хууль бусаар кетамин нийлүүлсэн хэргээр яллагдагчаар татагдсан хоёр дахь эмч гэм буруугаа хүлээжээ.
Өнгөрсөн оны 8-р сард жүжигчин Мэтью Перригийн үхэлтэй холбоотойгоор нийт таван хүнийг баривчилсны дотор хоёр эмч, мөн М.Перригийн хувийн туслах нар багтсан талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлж байсан юм.
Яллагдагчаар татагдсан хоёр эмчийн нэг Марк Чавез нь Салвадор Пласенсия эмчийн хамтаар 2023 оны 9-р сараас эхлэн жүжигчин М.Перрид кетамин нийлүүлж эхэлснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн юм.
Тэгвэл жүжигчин М.Перриг үхэлд хүргэсэн хэргээр баривчлагдсан хоёр дахь эмч болох Салвадор Пласенсия жүжигчин М.Перрид кетаминыг тарилга хэлбэрээр гэрт нь болон автомашины зогсоол дээр тарьж өгсөн, түүнээс гадна хувийн туслахад нь кетамин хэрхэн тархихыг зааж өгч, М.Перрид кетамин бодисыг тарилга хэлбэрээр нийлүүлснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээжээ.
The New York Times сонинд бичсэнээр Салвадор Пласенсия гэм буруугаа хүлээснээр шүүхээс түүнд 40 хүртэлх жилийн хорих ял, 2 сая ам.долларын торгууль ноогдуулах магадлалтай байгаа аж. Мэтью Перри 2023 оны 10-р сарын 28-нд гэрийнхээ жакузид живж нас барсан байдалтай олдсон ба шүүх эмнэлгээс түүнийг кетамины хурц нөлөөнөөс болж нас барсныг тогтоосон юм.
Кетаминыг анагаахын ухааны салбарт мэдээ алдуулалт, сэтгэл гутрал, өвдөлт намдаахад хэрэглэдэг хэдий ч хүмүүс уг бодисыг хэрэглэсний дараа мансуурах мэдрэмж төрдөг учраас тус бодист донтох, хэтрүүлэн хэрэглэх нь элбэг байдаг аж.
Жүжигчин М.Перригийн хувьд сэтгэл гутралдаа эмчийн заавраар кетамин хэрэглэж байсан ч эмчийн бичиж өгсөн тунгаас илүүг худалдан авч, хэрэглэдэг байсан нь түүнийг үхэлд хүргэжээ.
BBC.com