
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил-Ираны асуудлын улмаас Канадад болж буй “Их-7”-гийн чуулга уулзалтыг эрт орхин явахад хүрч, АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан байна.
Нөгөө талаас албаны эх сурвалжууд АНУ-д Израилын Ираны эсрэг явуулж буй зэвсэгт хүчний ажиллагаанд оролцох төлөвлөгөө байхгүй гэдгийг онцолж байна.
Өнгөрсөн ням гарагт Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилын арми Ираны зэвсэгт хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлэхээр төлөвлөж байгаа тул Ираны нийслэл Тегеран хотын зүүн хойд хэсэгт амьдардаг оршин суугчдыг нүүн шилжихийг анхааруулсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээнд Тегеран хотын бүх оршин суугчдыг хотоос даруй гарахыг зөвлөжээ.
Тэрээр Тегеран Вашингтоны сүүлд санал болгосон гэрээнд гарын үсгээ зурах ёстой байсан юм хэмээн, “Энгийнээр хэлбэл, ИРАН ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ. Би үүнийг удаа дараа давтаж хэлсэн. Бүгд даруй Тегеран хотын орхин гарах хэрэгтэй.”гэж бичжээ.
BBC агентлагийн мэдээлснээр Тегеран хотоос гарах авто замууд дээр автомашинуудын маш урт дараалал үүсэж, түгжирсэн байдалтай байгаа ба иргэдийн зарим нь тус хотын 10 сая оршин суугчид бүгд гэр орноо орхин явах боломжгүй гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ.
Израил дахь БНХАУ-ын элчин сайдын яам иргэддээ аюулгүй байдлаа ханган, аль болох хурдан Израил улсаас гарахыг зөвлөжээ. Ингэхдээ Йордан улсыг чиглэн гарахыг зөвлөсөн байна.
Хятадын элчин сайдын яам нөхцөл байдал хурцдаж байгааг онцлон, Израилын иргэний дэд бүтцүүд сүйдэж, амь үрэгдэж буй энгийн иргэдийн тоо нэмэгдэж, аюулгүй байдлын нөхцөл байдал илүү ноцтой болж байгааг анхааруулсан байна.
www.bbc.com