
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй албаны төлөөлөл БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дарга Фэй Дунбиньтэй уулзлаа.
Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн хүрээнд Төмөр замын салбарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч шинэ агентлаг-Төмөр замын газар байгуулагдсан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар Б.Артур танилцуулж, хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын төлөөллүүдийн хувиар анх удаа уулзаж байгааг онцоллоо.
Монгол, Хятад хоёр орны хооронд олон жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар хоёр улсын Засгийн газар, холбогдох байгууллага нэгдсэн тохиролцоонд хүрч, барилгын ажлын нээлтийг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулсан.
Энэ нь онцлон тэмдэглэх түүхэн чухал арга хэмжээ болсныг БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дарга Фэй Дунбинь онцлов. Төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны түвшинд хамтран байгуулах дараагийн төмөр замын боомтуудын хэлэлцээг эрчимжүүлэн ахиулах үндэс суурийг тавьж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлснийг дурджээ.
Энэ хүрээнд талуудын хооронд хийгдсэн тохиролцоог хоёр талаас тууштай хэрэгжүүлэн бодит ажил хэрэг болгохыг хүсэж байгааг илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд төмөр замын асуудал дагнан хариуцсан төрийн байгууллага шинээр байгуулагдсан нь төмөр замын салбарын хөгжилд анхаарч буйн нэг илэрхийлэл. Цаашид хоёр улсын төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар дараах тохиролцоонд хүрлээ:
✓ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад томоохон ахиц гарч буйтай холбогдуулан Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох асуудлыг хилийн боомтууд дахь төмөр замын дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг хамтран судалсны үндсэн дээр үе шаттай төлөвлөн бүтээн байгуулах ажлыг эрчимжүүлэх;
✓ Төмөр замын салбарын дүрэм журам, стандартчиллын тогтолцоог сайжруулах, хоёр улсын төмөр замын салбарт мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний актуудын уялдааг хангаж, тээвэрлэлтийг хөнгөвчлөхөд харилцан мэдээлэл, туршлага солилцон нягт хамтран ажиллах;
✓ Төмөр замын аюулгүй ажиллагааг хангах, хяналт удирдлагыг боловсронгуй болгох хүрээнд хоёр улсын Төмөр замын газрууд зохих тусгай зөвшөөрөл шаарддаг төмөр замын ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг харилцан солилцож, цаашид тогтмол шинэчлэх зэрэг холбогдох арга хэмжээг авч ажиллах;
✓ Төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хувиар талууд хамтын ажиллагааны зарчмаа тодорхойлж, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан тогтвортой хамтран ажиллах механизмыг бий болгох;
✓ Хоёр улсын хооронд төмөр замын шинэ боомтууд нээгдэж эхэлж буйтай холбогдуулан 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлж, ирэх долдугаар сард болох 3 улсын Тээврийн сайд нарын уулзалтын үеэр үзэглэж, энэ ондоо багтаан эцэслэн байгуулахаар тохиролцлоо.
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зам тээврийн асуудал эрхэлсэн сайд нарын 52 дугаар чуулган энэ сарын 10-13-нд БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдана.
Талууд тус арга хэмжээний үеэр дахин уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээний бусад асуудлыг хэлэлцэнэ гэж ЗТЯ-наас мэдээлэв.