
Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дотор заслын ажил 90 хувь, гадна тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байгааг албаныхан онцоллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан уг байршилд ажиллалаа.
“Ти Энд Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Аззаяа “Манай компани орчин үеийн чанартай, эрүүл ахуйн шинэлэг технологиор хийсэн хүүхдэд ээлтэй материал хэрэглэж цэцэрлэгээ барьж байна. Европоос өндөр чанарын бүтээгдэхүүн оруулж ирдэг давуу талаа ашиглан олон улсын стандартад нийцсэн жишиг бүтээн байгуулалт хийж байгаа. Мөн бид нян бактери үрждэггүй, галд тэсвэртэй, олон жилийн насжилттай металл хаалгаар бүх анги танхимаа тохижуулсан. Таазанд мөн адил галд тэсвэртэй, хорт утаа ялгаруулдаггүй будаг ашигласан” гэлээ.
Тус цэцэрлэгийн барилга нь Европын Хөрөнгө Оруулалтын банкны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж буй төсөл бөгөөд гадна талбайн тохижилт, тухайн цэцэрлэг орчмын авто зам зэргийг цогцоор шийдэж хийж буй томоохон төсөл юм.