
Хүүгийн тансаглал, бэрийн брэндийн цүнхний асуудал халиаж Монгол Улсын Ерөнхий сайдыг Засгийн газартай нь огцрууллаа. Хамгийн удаан буюу 2 ч парламентын нүүрийг үзсэн гэх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 5 жил Гүйцэтгэх засаглалын эрхийг барьж, Ардчиллаас хойших түүхэнд тэмдэглэгдэж байна.
Тэгвэл одоо дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулт гарч ирлээ.
Эрх баригч нам болох МАН-ын Бага хурлаас хойш дараагийн Ерөнхий сайд, түүнийг дагалдан кабинетэд нь хэн ажиллах, сайд болох сунгаа МАН дотор эхэлчихсэн.
Гэхдээ үүнээс ч өмнө эхэлсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн.
Тэрээр хэлэхдээ,
“Гашуунсухайт яваад хүрээд иртэл дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. Бодитой. Ардчилсан нам дотор дараагийн удирдлагуудынх нь асуудал үүсэж, тэр зурагдсан Засгийн газартай очоод нийлчихсэн байсан. Энэ бол шалтгаан. Зүгээр л орлого нотлох асуудал байсан бол залуустай гараад уулзчихна” гэсэн.
Тэгвэл Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох тухайтад,
Гучин есдүгээр зүйлд:
- Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
Дөчин гуравдугаар зүйлд:
- Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
- Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
Үндсэн хуульд ингэж заасны дагуу дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар томилогдон, тангараг өргөх учиртай.
Тэгвэл дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын өмнө ямар сорилтууд хүлээж буйг энд тоймлоё.
- Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл үргэлжлэх үү?
- Ухаа худаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэ Ажлын хэсэг үр дүн гаргаж яадах уу?
- Есдүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байгаа. Үүнийг үргэлжлүүлж чадах уу?
- Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр үргэлжилж чадах уу?
- Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлуулж чадах уу?
- Хөгжлийн мега 14 төслүүдийн хувь заяа хэрхэх вэ?
Монгол Улсын нийгэм, эдийн засагтай холбоотой эдгээр асуудлууд үргэлжилж чадах эсэх асуудал Шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын бүтцийн өмнө байна.
Улс төрийн хүрээнд аль эрт дараагийн сайд нар яригдаж, МАН-ын хоёрдугаар ээлжнийхэн “хоолондоо” орохоор бэлдэж байна.
Тэд хэн байх вэ гэдэг Үндсэн хуульд заасан дээрх хугацаанд тодорхой болох юм.
“Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг шиг Гүйцэтгэх засаглалын тэргүүн, ямар ч сайд нартай кабинетээ бүрдүүлсэн бай улс орны өмнө тулгарсан эдгээр асуудлууд “челленж” болох нь тодорхой байна.