
Тайландын мисс Дэлхийн миссийн титмийг 37 жилийн дараа зүүлээ
Тайландын мисс Опал Сучата Чуангсри өнгөрсөн бямба гарагт Энэтхэг улсын Хайдерабад болж өндөрлөсөн Дэлхийн миссийн 72 дахь удаагийн тэмцээний ялагчаар тодорчээ.
21 настай Опал Сучата Чуангсри тэмцээний финалд Этиопийн мисс Хассет Дереже Адмассутай үлдэж, эцэст нь 108 орны миссүүд оролцсон Дэлхийн мисс тэмцээний ялагчийн титмийн эзнээр тодорчээ.
Опал Сучата Чуангсри англи, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Таммасат их сургуулийн улс төр судлалын сургуульд Олон улсын харилцаагаар сурахынхаа хажуугаар загвар өмсөж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөхний хавдрын тухай олон нийтэд таниулах үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог аж.
Тайланд улс нь Дэлхийн миссийн тэмцээний түүхэндээ хоёр дахь удаагийн Миссийн титмийг 37 жилийн дараа зүүлээ. Анх Дэлхийн миссийн тэргүүн титмийг тус улсын мисс 1988 онд зүүж байсан түүхтэй.
Дэлхийн миссийн тэмцээний түүхэндээ Энэтхэг болон Венесуэл улсын миссүүд тус бүр 6 удаа Тэргүүн титмийг зүүж байв.

Монгол улс 2005 оноос албан ёсоор Дэлхийн мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн.
Монгол Улс 2005 оноос Дэлхийн миссийн тэмцээнд гоо бүсгүйчүүлээ илгээж эхэлсэн
Монгол Улс анх 2005 онд Дэлхийн мисс-д оролцсон эхэлсэн бөгөөд тухайн үед загвар өмсөгч, мисс Б.Хонгорзул эх орноо төлөөлөн оролцсон юм. Харин 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Ану, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг,
2012 онд Х.Баярмаа, 2013 онд С.Пагмадулам, 2014 онд Т.Батцэцэг, 2015 он Н.Ану, 2016 он А.Баярцэцэг, 2017 он Ц.Энхжин, 2018 он Э.Энхриймаа, 2019 он М.Цэвэлмаа, 2021 он А.Бөртэ-Үжин, 2024 он Б.Болор, 2025 он Б.Эрдэнэсувд нар оролцлоо.
Энэ жилийн Үндэсний ялагч мисс нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн дүү Улсын Харцага Г.Батбаярын охин Б.Эрдэнэсувд юм. Түүний хувьд МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн Эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч юм.
Тэгвэл энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргаад буй мисс бүсгүйчүүдээ танилцуулья.


Өвөрмонголын Ордос хотноо зохион байгуулсан “Дэлхийн мисс-2012” 61 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Х.Баярмаа оролцож байжээ. Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн охин гэдгээр нь сайн таних биз. Тэрээр авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтаж байжээ.
Мисс Х.Баярмаа “Miss Mongolia-2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, дэлхийн 122 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлджээ.


Гоо сайхны олимп гэгддэг 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013″ тэмцээн Индонези улсын Бали арал дээр болсон. Энэ тэмцээн нутгийн оршин суугчдын эсэргүүцэл дор бараг хаагдмал шинжтэй болсон ч Филиппин улсын мисс Меган Ян титмийн эзэн болсон билээ. Энэ тэмцээнд Монгол Улсаас 22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэр 2011 онд болсон “Miss tourism international”-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтснаас гадна “Авьяаслаг мисс” болж байсан бүсгүй юм.


64 дэх удаагийн “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд манай улс 10 дахь гоо бүсгүйгээ илгээжээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын нийслэл Лондон хотноо арваннэгдүгээр сард зохион байгуулсан гоо сайхны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг хүлээсэн байдаг.


“Miss Mongolia 2015” тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч, БНХАУ-д зохион байгуулсан 65 дахь удаагийн “Дэлхийн мисс-2015″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байжээ.
Мөн тэрбээр тухайн ондоо Японы Окинаво хотноо болох “Miss International-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж, дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс 13 дугаар байрт шалгарсан юм. Мисс Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж, дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаж байв.


“Дэлхийн мисс-2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 65 дахь удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн мисс”-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртсэн байдаг. Мөн тэрээр үндэснийхээ бүжгийг бүжиглэн сонирхуулснаар авьяасын үзүүлбэрээрээ шилдэг аравт шалгарч чадсан билээ.


67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээн БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо болж өндөрлөсөн. Дэлхийн 118 орны гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарч чадсан билээ. Монголын гоо бүсгүй “Мультимедиа” миссээр тодрон, “Head to head challenge” шалгаруулалтад багаасаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
Үүнээс гадна Ц.Энхжин “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад шилдэг 20-д шалгарч, Монголын гоо бүсгүйчүүд тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйг батлан харуулсан билээ.


68 дахь удаагаа тодруулах “Miss World- 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 08-нд БНХАУ-ын Саньяа хотноо болж, өндөрлөсөн билээ. “Miss World-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорсон билээ. Тэрбээр Орхон аймгийн харьяат, Санхүү эдийн засгийн их сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, орос, англи хэлтэй. Мөн өнгөрөгч 2018 оны долдугаар сард Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний тэргүүн миссээр шалгарсан мисс бүсгүй юм. Мисс Э.Энхриймаагийн бэлэг дэлхийн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэ дундаас шилдгээр шалгарч, дуудлага худалдаанд орж байжээ. Энэ нь манай улсын мисс Энхриймаагийн оноонд нэмэр үзүүлсэн бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин хүүхэд, ядуус, өвчин зовлонтой хүмүүст туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг юм.


69 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтлаа. Мөн түүнчлэн мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг “Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий” төсөл “Зорилго бүхий гоо бүсгүй” гэсэн шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт юм. Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.
Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн “Авьяас” номинацид топ зургаа, “Head to head challenge Group” дөрвөн ялагчийн нэг, “Multimedia” төрлийн топ гуравт, “Зорилго бүхий гоо сайхан” топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй билээ.


Мисс А.Бөрт-Үжин 2021 онд АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д Josй Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан Дэлхийн миссийн тэмцээний нээлтийн үйл ажиллагааны ёслолын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулж байв. Түүний хувьд мэргэжлийн уран нугараач бөгөөд 2021 оны Дэлхийн Миссийн тэмцээнд 123 улсын мисс өрсөлдөж байсан юм.
Тэрээр Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд Олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.