
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн билээ. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа ажээ. Тус гүүрийг энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж байгаа юм байна. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дуусчээ. Мөн дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байна.


Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байв. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байлаа.





