
Өнгөрөгч бямба гарагт буюу /2025.05.31/ “Реппер 113”-ын “Зуны зугаа” шоу тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгвэл тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд түгсэн. Мөн тоглолын үеэр үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээсэн талаар мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Уг хэрэгт өртөн биедээ хутгалуулан гэмтэл авсан 35 дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан хүний биед халдсан этгээдийг барьсан талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Хэрэгтэнг барьсан. Энэ асуудалтай холбоотой 20 гаруй хүнийг шалгаж байна. Мөн мэсээр гэмтэл авсан гурван иргэн байна” гэж байв.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас, “Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шалгаж байгаа. Түүнчлэн нийтдээ тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна” гэх мэдээллийг өгч байсан юм.
Харин өнөөдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
ЦЕГ: “Зуны зугаа тоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтыг 29 мянга орчим хүн үзсэн гэх мэдээллийг өгсөн” хэмээсэн юм.