
Баян-Өлгий аймагт гурван хүүхэд амь насаа алдсан гэх хэрэг /2025-06-01/-нд гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн.
Ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахынхаа эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна” гэлээ.
Улмаар өнөөдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн мэдээлэл өглөө. Ингэхдээ “Тухайн хэрэгт холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зам тээврийн ослоор гэмтсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа гэх мэдээллийг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлээд байна” гэсэн юм.
Уг тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд ослоор гэмтсэн дөрвөн хүүхдийн биеийн байдлын тухайд “Автозамын осол гаргасан 17 настай эрэгтэй хүүхэд амь насаа алдаж, үлдсэн гурван хүүхдийн биеийн байдал тогтвортой, эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ, эмчилгээг үзүүлж байна” гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө.