
Төмсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг ОХУ-д төмсний үнэ сүүлийн нэг жилийн дотор 2.8 дахин нэмэгджээ.
2025 оны 5-р сарын эхээр төмсний бөөний үнэ 1 кг нь 85 рубль (3854.78 төг) хүрч, түүхэн рекорд тогтоожээ. Өмнөх оны мөн үед 1 кг төмсний бөөний үнэ 30 орчим рубль байжээ.
ОХУ-ын зарим бүс нутагт 1 кг төмсний үнэ 200 рубль хүртэл хүрсэн ба тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хүртэл төмсний хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрөөд байна.
ОХУ-д төмсний үнэ хурдацтай өсөж байгаа нь хэд хэдэн шалтгаантай юм. Хамгийн нэгдүгээрт 2024 онд төмсний ургац муу байсан нь нөлөөлжээ. 2024 онд хураасан төмсний хэмжээ 2023 оныхоос 12 хувиар бага байжээ. Үүнд цаг агаарын нөхцөл байдлаас гадна 2023 онд ОХУ түүхэндээ байгаагүй их хэмжээний төмс хурааж, төмсний үнэ буурсан нь ч нөлөөлжээ. Газар тариаланчид төмс ургуулах нь ашиггүй гэж үзэн оронд нь үр тариа, чихрийн манжин зэрэг илүү ашигтай гэж үзсэн ногоонуудыг ургуулахыг илүүд үзжээ.
Оросын зах зээл дээр төмсний үнийг барьж байгаа зүйл бол импорт юм. Сүүлийн жилүүдэд тасралтгүй буураад байсан импорт 2025 онд 3.5 дахин нэмэгджээ. Оросын том сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүний дунджаар 10 хувийг импортын бараа эзэлдэг байсан бол энэ хавар энэ тоо 30-40 хувьд хүрчээ.
ОХУ-д төмс нийлүүлж буй хамгийн том импортлогч нь Египет улс болоод байгаа ба түүнээс гадна оросууд БНХАУ, Пакистан, Турк, Израил, Беларусь, Азербайжан, Гүрж, Монгол зэрэг улсаас төмс импортолж байна.
Оросын парламентын дэд дарга Борис Чернышев Оросын Эдийн засгийн хөгжлийн яаманд төрөөс үнийн зохицуулалт хийх санал тавиад байна. Өргөн хэрэглээний тодорхой барааны үнэ 60 хоног дараалан нэмэгдсэн тохиолдолд тус барааны үнэд 90 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох боломжтой байдаг аж. Нөгөөтээгүүр ОХУ-ын сайд нарын танхим өнөөдрийн байдлаар энэ оны эхээс 7-р сарыг дуусах хүртэл 150 мянган тонн төмсийг гаалийн татваргүй импортлохыг зөвшөөрчээ.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Оксана Лут төмс хураалт эхлэхтэй зэрэгцэн төмсний үнэ буурна гэж тооцоолж байгаа ч цаг агаарын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж, ургац хураалт сайн эсвэл муу байх нь тодорхой болох юм.