
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг урьж, хүүхдийн эрхийн асуудлыг хөндлөө. Хүүхдийн төлөө “за” гэж хэлээд 20-иод жил өнгөрсөн ч, бодит байдал дээр тэдний эрх зам засвар, бордюр шинэчлэлийн ажлаас доогуур үнэлэгдэж байгааг тэр онцоллоо. Судалгаагаар бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй статистик жил бүр тогтмол өсөж буй. Өөрөөр хэлбэл нэг өдөрт 1-2 хүүхэд бусдад хүчиндүүлж байна. Энэ мэтчилэн хүүхдийн эрх хаана хэрхэн зөрчигдөж байгаа талаар бид ярилцлаа.
ӨДӨРТ ДООД ТАЛ НЬ НЭГ ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА
-Хүүхдийн төлөө “за” гэж хэлээд 20-иод жил боллоо. Бид хүүхдийн эрхийг хамгаалж чадсан уу?
-Хүүхэд бүр өнөөдөр аз жаргалтай байна уу гэвэл, тийм биш байна. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа тоо тогтмол нэмэгдсэн байгаа юм. Шалтгаан нь маш тодорхой. Ядуурал, гэр бүл салалт гэх мэт асуудалтай холбоотой. 2024 оны байдлаар бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд 598 байна. Өдөрт доод тал нь нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна гэсэн үг шүү дээ. Энэ байж боломгүй зүйл. Өдөрт нэг хүүхэд гэдэг аймшигтай тоо.
Энэ гэмт хэрэгтэй холбоотой бидний хөндөж байгаа хоёр асуудал байна. Бэлгийн бойжилт эрт эхэлж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл 13-14 настай хүүхэд хоорондоо үерхээд, бие биедээ сайн болоод бэлгийн харьцаанд ороод, түүнийг нь эцэг эх нь мэдчихээд, “Миний хүүхдийг хүчиндчихлээ” гэж гомдол гаргадаг. Энэ тохиолдолд тухайн 14 настай найз залуу нь автоматаар гэмт хэрэгтэн болж байгаа юм. Ингэхдээ бүр хүнд гэмт хэрэгтэн болчхож байгаа юм. Хүүхдийн хорих ангид хоригдож байгаа хүүхдүүдийн 50 хувь нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргээр хоригдож байгаа. Үүнийг бид эргэж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёр хүүхэд хоорондоо үерхэж байгаад нэг нь гэмт хэрэгтэн болоод явдаг. Энд мөн л хүүхдийн эрх зөрчигдөж байгаа биз. Гэмт хэргийн шинжийг эргэж харах ёстой. Яагаад гэмт хэргийн шинж гэж байна гэхээр, 29 настай нөхөр бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох юм бол энэ гэмт хэрэг болно.
“ПЕДОФИЛ”-ЫГ ОНОШИЛЖ, ХЯНАЛТДАА АВДАГ БАЙХ ЧУХАЛ
Мөн педофил буюу бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж дур хүслээ хангадаг эмгэгтэй хүмүүс байгаа. үүнийг бид оношилдог байх хэрэгтэй байна. оношлоод эмчлэх, хяналт тавьдаг байх хэрэгтэй. Энэ зохицуулалт манай дээр байхгүй байгаа учраас үүнийг бий болгох чухал. Дээр нь хохирсон хүүхдүүд давхар хохирох нөхцөл бий болж байна.
АСРАМЖИЙН ГАЗАРТАА ЭНДСЭН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ БАГШ НАР НЬ ХУВИАСАА ГАРГАСАН
-Давхар хохирох нөхцөлийн талаар дэлгэрүүлээч?
-Жишээ нь 10 настай хүүхдээс, “хойд эцэг чинь чамайг тэгээгүй юм биш үү?” Гэдэг асуултыг хохирогчид тавьдаг. Хүүхэд үүнийг сонсоод, яаж хариулах вэ гэдэг асуудал. Манай практик өөрчлөгдөх шаардлагатай байна.
-Та тоон мэдээлэл, кейстэй тулж ажилладаг. Албаны хүн гэхээр илүү аав хүний хувьд эмзэглүүлж байсан олон асуудал бий байх. Тийм үү?
Кейс ярих маш хүнд байдаг. Төв сувилал гэж байдаг юм. Маш харамсалтай дүр зураг юу байдаг гэхээр, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэнд цөөнгүй байсан. Биднийг шалгалт хийсний дараа нэг хүүхэд нас барсан юм. Тухайн хүүхдийн оршуулгын зардлыг багш нар өөрсдөөсөө мөнгө гаргаад, зан үйлийг нь үйлдсэн байгаа юм. Тэр хүүхдүүдийг урт хугацаанд асардаг асрамжийн газар ч байхгүй. Ямар асуудал яриад байна гэхээр, хамгийн эмзэг бүлгийн асуудлыг бид эхний ээлжид шийдэх хэрэгтэй байгаа юм. Яа гэж хөсөр хаядаг юм. Асрамжийн газар, дотуур байруудад шалгалт хийхээр ихэнхдээ гаднын байгууллагын, тусламжийн бараа бүтээгдэхүүнүүд л байдаг. Тусламж хандиваар хүүхдийн асуудлыг шийддэг баймааргүй байгаа юм. Хүүхэд хамгааллын зардал 20 тэрбум болголоо л гээд байгаа. Энэ хаана ч хүрэхгүй.
ТӨСВИЙН ХУВААРИЛАЛТЫГ ЗӨВ ЭРЭМБЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Хүүхдийн эрхийн асуудал замын засвар, бордюр шинэчлэх ажлаас “хямд” байгаа талаар та хэлсэн. Энэ талаар тодруулаач?
Төсөв өөрөө хүний эрхэд суурилсан байх ёстой. Төсвийн хуваарилалтыг зөв эрэмбэлэх асуудал байгаа. Хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд хэдий хэмжээний хөрөнгө оруулж байна гэдэг асуудал мөн.
-Томчуудад хандаж юу хэлэх вэ?
-Хүүхэд гэдэг маш гоё ертөнц. Энэ ертөнцийг нь сүйтгэж, нураахгүйгээр хүүхдүүдээ хайрлаж хамгаалъя. Бүх хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, өсөх ёстой. Тэд бол бидний ирээдүй. Тиймээс эцэг эх, томчууд бүгд сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүүхдүүдээ аюул, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Хүн бүр хүүхэд хамгаалагч байя.
-Баярлалаа.