
Бостон хотын холбооны шүүгч Эллисон Берроуз өнгөрсөн пүрэв гарагт болсон хурлаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны шийдвэрт тавьсан хоригоо сунгажээ. Ингэснээр тухайн яам Харвардын их сургуулийн гадаадын оюутнууд элсүүлэх хөтөлбөрийг тодорхой хугацаанд цуцлах боломжгүй болж байгаа юм.
Тэгвэл АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Тодд Лайонс Харвардын их сургуульд “тухайн сургууль нь гадаадын байгууллагуудтай үзэл бодол нэгдсэн, сургуулийн орчин дахь антисемитизмын эсрэг хангалттай тэмцээгүй” гэсэн мэдэгдлүүдэд зохих хариу өгч, гадаадын оюутан элсүүлэх хөтөлбөрт үлдэх ёстойгоо нотлох 30 хоногийн хугацаа өгчээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэхийг хориглож, тус сургуульд суралцаж байгаа гадаадын оюутнуудыг өөр сургууль руу шилжихгүй тохиолдолд АНУ-д оршин суух эрхийг нь цуцална хэмээн мэдэгдэж, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэх хөтөлбөрийнх нь сертификатыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг илгээсэн юм.
Уг шийдвэрээ Д. Трампын засаг захиргаа Харвардын их сургууль еврей оюутнуудад дайсагнасан орчныг бүрдүүлж, ХАМАС бүлэглэлийг дэмжсэн, яс үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан бодлогыг хэрэгжүүлсэн хэмээн тайлбарласан юм.
Эх сурвалж: CBC