
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөө нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, эдийн засгийн эрх чөлөөний реформ, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус төлөвлөгөөнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нийтдээ 18.9 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 330 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Эдийн засгийн эрх чөлөөний реформын хүрээнд бизнесийн үйл ажиллаагааг зохицуулж байгаа хуулиудыг шинэчилж, татварын орчны шинэчлэлийг хийж, төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хаасан зохицуулалтыг багасгах, ялгамжтай байдлыг арилгана.
Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ.
Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, бүтээмжийг сайжруулж, зардлыг бууруулж, тэдгээрийн хөрөнгийн удирдлагыг сайжруулна.
Баялгийн санг арвижуулж, геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр цогц арга хэмжээг хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” нь үр дүнд суурилсан төлөвлөлтийн зарчимд суурилсан, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй бүрэн уялдсан бөгөөд дээрх дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэл болон реформуудыг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэнэ.