
200 гаруй жилийн турш дундыг баримталж ирсэн Швейцар улс нэг хүнд ноогдох хоргодох байрныхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч гэдгийг та мэдэх үү? 9 сая хүн хүрэхгүй хүн амтай тус улсад том, жижиг 370 мянга гаруй хоргодох байр байдаг байна. Эдгээр хоргодох байрууд нь иргэдийг болзошгүй аюул, цөмийн дайн зэргээс 2 долоо хоног хүртэлх хугацаагаар хамгаалах хүчин чадалтай аж.
1960-аад оны эхээр Швейцарт шинээр баригдаж буй орон сууц бүр нь хоргодох байртай байх ёстой гэсэн журам хэрэгжиж эхэлжээ. Хэрэв барьж буй барилгад хоргодох байр барих боломжгүй бол тухайн барилгыг барьж буй барилгын компани эсвэл барилгыг эзэмшигч нь хамгийн ойр байрлах нийтийн хоргодох байранд хураамж төлөх ёстой болдог ба хоргодох байрны хэмжээнээс хамаарч нэг хүний 1500-3000 швейцар франкаар тооцож мөнгө төлдөг байна.
Женев кантоны Иргэний хамгаалалтын албаны орлогч дарга Гийом Верген хоргодох байрууд нь Швейцарын мөн чанарын нэг хэсэг юм хэмээн тодорхойлжээ.
Швейцарын дайны түүхэнд уул болон газар доорх байгууламжууд нь аюулгүй орон зайд тооцогддог байсан ба 19-р зуунд швейцарын генералууд цэргүүддээ зориулж Альпийн нуруунд бэхлэлт барьсныг 2-р дайны үед сэргээн засаж, шинэчилжээ. Дэлхийн 2-р дайны үед европын хотууд олон тооны бөмбөгдөлтөд өртсөн нь Швейцарын эрх баригчдад зөвхөн цэрэг армиа бус энгийн иргэдээ ч болзошгүй аюулаас хамгаалах шаардлагатайг ойлгуулжээ. Дэлхийн 2-р дайны араас үргэлжилсэн Хүйтэн дайн уг санааг нь улам бататгаж, хоргодох байрны тухай хууль гарчээ.
Швейцарт байрлах хамгийн том хоргодох байр нь Люцерн хот дахь Зонненберг нэртэй газар доорх авто замын туннел юм. Уг туннелийг маш богино хугацаанд хоргодох байр болгон тоноглох боломжтой аж. 1970-аад онд баригдсан энэхүү туннелд 20 мянга хүртэлх тооны хүн хоргодох боломжтой юм.
Уг туннелд цөмийн халдлагын үед хаагдах 1м 50см зузаантай бетон хаалганууд, удирдлагын төв, гал тогооны болон эмнэлгийн өрөө, шүршүүр зэргийг барьж, хоёр давхар орнууд, цэвэр ус, лаазалсан хүнс зэргийг нөөцөлжээ.
2011 онд Швейцарын парламент шинээр баригдаж буй барилгуудад хоргодох байр барих шаардлагыг цуцлахаар хэлэлцэж байсан ч Японы Фүкүшима АЦС-ын ослын дараа 1960-аад онд баталсан дээрх хуулиа хэвээр үлдээхээр шийджээ. 2022 оны 2-р сард ОХУ Украин руу довтолсны дараа Францын иргэд хүртэл Швейцарын Иргэний хамгаалалтын газрууд руу залгаж, хоргодох байрандаа оруулахыг хүсэж байжээ.
Өнгөрсөн 63 жилийн хугацаанд швейцарчууд хоргодох байрны бүтээн байгуулалтад 13 тэрбум гаруй ам.долларыг зарцуулсан гэх тооцоо байдаг аж. Зонненберг туннел дахь музейд ажилладаг Зора Шельбергийн хэлснээр 2022 оноос өмнө швейцарчуудын дийлэнх нь мөн зарим улстөрчид хоргодох байр хэрэггүй гэж үздэг байсан бол өнөөдөр тэдгээр иргэдийн хандлага өөрчлөгджээ.
Түүнээс гадна Европын бусад орнууд хоргодох байруудад өндөр ач холбогдол өгч эхэлсэн ба Финлянд улс хүн амынхаа 85 хувийг, Швед улс 67 хувийг багтаах хэмжээний хоргодох байрнуудтай болсон гэдгээ зарласан юм. Норвег улс 1998 онд зогсоосон хуулиа сэргээж, шинээр баригдаж буй орон сууц бүрийг хоргодох байртай болгохыг шаардаж эхэлсэн бол ХБНГУ-ын эрх баригчид иргэддээ хоргодох байр барихыг уриалж эхэлжээ. Харин Испанид 2022 оноос хойш хувийн хоргодох байрнуудын бүтээн байгуулалт 200 хувиар нэмэгджээ.