
Ирэх мягмар гарагт болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтын ирц өмнөх сонгуулийн мөн үеийнхтэй харьцуулахад өндөр байгааг Өмнөд Солонгосын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.
Пүрэв гарагийн өглөөний 11 цагийн байдлаар сонгуульд санал өгөх эрхтэй нийт сонгогчдын 7 хувь буюу 3 107 164 хүн саналаа өгчээ. 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтын үзүүлэлттэй харьцуулахад энэ нь 2 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.
БНСУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад оролцох, сонгуулийн өдөр саналаа өгөх эрхтэй нийт 44.39 сая хүн байгаа аж.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён, Шинэ шинэчлэлт намаас нэр дэвшигч Ли Жүн Сёк, Ардын хүч намын Ким Мүн Сү нар пүрэв гарагийн өглөө урьдчилсан байдлаар саналаа өгчээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён саналаа өгснийхөө дараа, “Солонгосын өнөөгийн хямралыг давж, цаашдын өсөлт дэвшил, сэргээн босголтын төлөө саналаа өгөөрэй.” хэмээн уриалжээ.
Тэрээр өнгөрсөн лхагва гарагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Уур амьсгал, Эрчим хүчний шинэ яамыг байгуулж, Хүйсийн эрх тэгш байдал, Гэр бүлийн яамыг шинэчилнэ хэмээн амласан аж.
Gallup Korea судалгааны төвөөс хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёнийг ард иргэдийн 49 хувь, Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сүг 35 хувь, Шинэ шинэчлэлт намаас нэр дэвшигч Ли Жүн Сёкийг 11 хувь нь дэмжиж байна гэж гарчээ.
Нэр дэвшигч Ким Мүн Сүгийн хувьд сонгуулийн кампанит ажлаа эхэлсэн даруйдаа өрсөлдөгч Ли Жэ Мёноос 20 гаруй хувиар хоцорч байсан рейтингээ өсгөж чадсан ч Шинэ шинэчлэлт намын Ли Жүн Сёкийг сонгуулиас нэрээ татаж, өөрийг нь дэмжихийг ятгаж чадаагүй байна.