
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров зургаадугаар сарын 2-нд Туркийн Станбул хотноо хоёр дахь шатны хэлэлцээрээ хийх саналыг Киевт тавьжээ.
С.Лавровын мэдэгдэлд талууд эхний шатны яриа хэлэлцээнийхээ үеэр тохиролцсоны дагуу Москва хоёр улсын харилцаанд зөрчил үүсэх болсон шалтгаануудыг найдвартай даван туулах тухай санамж бичгээ боловсруулсан тухай дурдсан байна. Мэдэгдэлд, “Владимир Мединский тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Украины талд уг санамж бичгээ танилцуулж, ирэх даваа гарагт Стамбул хотод болох хоёр дахь шатны яриа хэлэлцээний үеэр нэмэлт мэдээлэл өгөхөд бэлэн байна” гэжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп нартай гурван талт уулзалт зохион байгуулахыг санал болгосон билээ.Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп шаардлагатай бол ОХУ болон Украины төрийн тэргүүнүүдтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Д.Трамп тусгай төлөөлөгч Стив Уиткофф Оросын талтай маш хатуу байр суурьтайгаар харилцаж байгаа тухай дурдаж, В. Путин ОХУ-Украины дайныг дуусгах чин хүсэлтэй эсэх нь хоёр долоо хоногийн дараа тодорхой болно гэжээ.
Вашингтон ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ одоог хүртэл тогтоогүй тухайд Д. Трамп ОХУ-Украины яриа хэлэлцээг ямар нэг байдлаар тасалдуулахыг хүсээгүй хэмээн тайлбарлажээ. ОХУ-Украины дайныг дуусгах яриа хэлэлцээ өнгөрсөн 2-р сараас хойш явагдаж байгаа ч өнөөдрийн байдлаар ямар нэг ахиц дэвшил гараагүй хэвээр байна. Киев болон Европын холбоо ОХУ-ыг дайныг сунжруулж байна хэмээн буруутгаж, Вашингтон уг яриа хэлэлцээнээс гарч, ОХУ-ын эсрэг хориг тогтооно хэмээн сүрдүүлсээр байгаа билээ.