
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилын арми ХАМАС бүлэглэлийн тэргүүн Мохаммед Синварыг хөнөөсөн талаар мэдэгджээ.
Энэ сарын 13-нд Израилын арми Газын зурвасын өмнө зүгт байрлах Хан Юнис хотын эмнэлэгт агаараас цохилт үзүүлсэн юм. Тухайн үед Израилын зүгээс уг цохилт нь ХАМАС бүлэглэлийн газар доорх дэд бүтцийг устгах зорилготой байсан хэмээн мэдэгдэж байсан юм. Израилын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Израилын армийн энэхүү агаарын цохилтын үр дүнд ХАМАС бүлэглэлийн тэргүүн Мохаммед Синвар амь үрэгдсэн байх өндөр магадлалтай аж.
Газын Эрүүл мэндийн яам уг цохилтын үр дүнд 28 хүн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байсан ч амь үрэгдэгсдийн дунд ХАМАС бүлэглэлийн тэргүүн Мохаммед Синвар байгаа тухай дурдаагүй билээ.
Мохаммед Синвар нь ХАМАС бүлэглэлийн 2023 оны 10-р сарын 7-ны халдлагыг зохион байгуулагч Яхья Синварын дүү юм. Яхья Синвар нь мөн л өнгөрсөн 10-р сард Израилын армийн гарт амь үрэгдсэн ба түүний үхлийн дараа дүү Мохаммед Синвар нь ХАМАС бүлэглэлийг албан бусаар тэргүүлэх болжээ.
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилын нутаг дэвсгэрт халдаж, 1200 хүний аминд хүрч, 251 хүнийг барьцаалсан юм.
Уг халдлагын хариуд Израил ХАМАС бүлэглэлийг устгаж, барьцаанд байгаа иргэдээ суллах зорилгоор Газын зурваст цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Газын зурвасын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Израилын цэргийн ажиллагааны үр дүнд Газын зурвасын 54 мянга гаруй иргэн амь үрэгджээ.