
АУЗ төр нийгмийн нэрт зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн нь 1944 оны Арваннэгдүгээр сарын 25-нд Төв аймгийн Баян өнжүүл суманд төржээ. 1963 онд хүүхэлдэйн театраас ажлын гараагаа эхэлж байжээ. 1992-1995 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж олон арван соёл,урлагтай холбоотой хуулийн төсөл санаачилсан нэгэн юм. Мөн “Ангир ураг”,”Хос уянга” тэргүүтэй шүлгийн түүвэр ном. “Тамгагүй төр”,”Атга нөж” тэргүүтэй жүжгийн болон уран сайхны киноны зохиолуудыг бичиж туурвиж байжээ.
Их найрагчийн амьдарч буй цаг хугацаандаа бичиж хүмүүний зүрх сэтгэлд хүрч байсан шүлгүүдээс уншигчдадаа хүргэе.
“Хайрын мадригал”
Би ганцхан чам руу татсан шулуун чавхдас
Чи ганцхан над руу татсан шулуун чавхдас
Намайг, чамайг атгасан
Үй түмэн галт хараацай
Судасны минь доргионд үсчинэ
Газар тэнгэрийн оньсого таалцана
Намайг чамайг мөргөсөн
Үүл тэнгэрийн навчис
Зүрхний минь илдэнд сэмэрнэ
Зүүд гэгээрлийн хязгааргүйд хийснэ
Чам руу татсан шулуун чавхдас гэмээнэ би
Над руу татсан шулуун чавхдас гэмээнэ чи
Чамдаан хазайна үгүй хүрч
Наддаа хазайна үгүй ирж
Би цэнхэр өнгөтэй
Чи цагаан өнгөтэй
Хос шулуун болон
Хүслээ элдэн одно.
Хуурын чавхдас мэт бидэн хоёр дээр амьдрал
Тэнгэрийн заадас шиг эрмэг хөвчөөр туульс хайлна.
Үүлтэй тэнгэр газарт орон зайгаа булаалгаж
Үхэхийн цаг ирэхэд бидэн хоёр
Бие биедээ шингэн огтлолцоно.
“Боржигины бор тал”
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал миньТэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь.
“Чамаараа би зөндөө гоёсон”
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургийг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ёс болгож гоёсонYйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулжЧамаараа би гоёно….