
Австралийн гадаад харилцааны бодлого судалгааны Lowy Institute төвөөс хийсэн судалгаагаар энэ онд дэлхийн хамгийн ядуу буурай 75 улс БНХАУ-д 22 тэрбум ам.долларын өрөө төлөх аж. Бээжин 2025 онд гадаадын улс орнуудаас зээлийн эргэн төлөлт болох нийт 35 тэрбум ам.долларыг авахаас дээрх 75 орны өр дийлэнх хувийг нь эзэлж байна.
Lowy Institute төвийн судалгаанд 2030 оныг дуустал Хятад улс хөгжиж буй орнуудын хувьд зээл олгогч нь бус тэдгээр улс орнуудаас өр зээл цуглуулагч болох болно гэдгийг онцолжээ. Бээжинд өрөө төлөх нь хөгжиж буй улс орнуудын хувьд хамгийн түрүүнд эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд нь дарамт болох нь гарцаагүй юм. Бээжингийн олгосон зээлүүдийн дийлэнх нь Ерөнхийлөгч Си Жиньпиний санаачилсан дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Бүс ба Зам санаачилгын хүрээнд олгогдсон ба 2016 онд Бээжин нийт 50 тэрбум гаруй ам.долларыг гадаадын улс орнуудад олгож, рекорд тогтоосон билээ.
Хятадын Бүс ба Зам санаачилга голчлон хөрөнгө мөнгө багатай хөгжиж буй орнуудад хэрэгжсэн ба хөгжиж буй орнуудад зээл олгож, буцааж төлөх аргагүй их хэмжээний өрөнд оруулж байгаа нь Бээжин өөрийн нөлөөллөө нэмэгдүүлэх гэсэн оролдлого хэмээн олон улсын шинжээчид шүүмжилсээр ирсэн билээ. Өнгөрсөн сард л гэхэд Lowy Institute төв Лаос улс Хятадын санхүүжилтээр дотоодын эрчим хүчний салбартаа хэт их хэмжээний хөрөнгө оруулж, өрийн хямралд орсон болохыг тогтоожээ. Судлаачдын үзэж байгаагаар Д. Трампын засаг захиргаа гадаадын тусламж дэмжлэгээ огцом бууруулсан энэ үед Бээжин улс орнуудад олгосон их хэмжээний зээлээ улс төрийн хөшүүрэг болгон ашиглах боломжтой болж байгаа аж.
Үүний нэг жишээ нь Хондурас, Никарагуа, Соломоны арлууд, Буркина-Фасо, Доминикан зэрэг улс орнууд Тайвантай дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоосноос хойш 18 сарын дотор Бээжин дээрх улс орнуудад их хэмжээний зээл олгожээ. Түүнчлэн Бээжин стратегийн түншүүд болох Пакистан, Казахстан, Лаос болон Монгол улс, чухал ашигт малтмал олборлогч Аргентин, Бразил, Индонези зэрэг улс орнуудыг санхүүжүүлсэн хэвээр байна. БНХАУ нь Бүс ба Зам санаачилгын хүрээнд олгосон зээлийн мэдээллээ ил тод, бүрэн гүйцэд мэдээлдэггүй учраас Lowy Institute төвийн Дэлхийн банкнаас авсан тоонууд нь Бээжингийн олгосон нийт зээлийн хэмжээг бодитоор илтгэхгүй аж. 2021 онд AidData институт Хятадын далд зээлийн хэмжээ 385 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолж байсан юм.