
Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувиар өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65,768 га, хээрийн 565,569 га талбай, нийт 631,337 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өнөөдөр /2025.05.28/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн 5 суманд гарсан 7 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 288 алба хаагч, 12 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашинтай, 17 морьтой нийт 439 хүн, 42 автомашин, 17 морьтой ажиллаж байна.
Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Буурлын даваа” гэдэг энэ сарын 26-нд газар гарсан ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар 27-нд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, бусад таван түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна.