
“2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 0.1 хувиар өсжээ” гэх судалгааны үр дүн хэр үнэн бодитой байж болох талаар харьцуулсан дүн шинжилгээ хийцгээе.
MEC LLC судалгааны байгууллагаас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг. Уг байгууллагаас танилцуулсан судалгаагаар өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 0.1 хувиар өссөн байгаа юм. Нээлттэй харагдаж буй тоо баримтыг харахад түүний рейтинг огцом буурсан нь харагдахгүй байна. Сар, жил бүрд тогтмол байгаа нь ажиглагдав.
Гол нь түүний рейтинг бусад улс төрчидтэй харьцуулбал тогтвортой, өссөн, талаарх судалгаанд анхаарлаа хандуулж монгол хүний зан төлөвтэй харьцуулан шинжлэх гээд үзье. Монголчуудын зан төлөвийн тухайтад улсад түрүүлсэн бөх, улс төр, нийгэмд нэр хүндтэй яваа хүний нэрийг хүүхдэдээ хайрладаг хандлагатай.
Тухайлбал улсад 12 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын нэрийг 15,495 хүн хүүхдэдээ хайрлажээ. Хамгийн түгээмэл нэрийн нэгт бичигддэг гэсэн үг. Харин Монгол Улсын аварга О.Хангайг 2022 онд түрүүлэхэд тэр жилдээ 575 хүн хүүхдэдээ адил нэр өгчээ. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд 430 хүүхдээс буугаагүй тоо баримт Үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
Харин…
МОНГОЛЧУУД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НЭРИЙГ ХҮҮХДЭДЭЭ ӨГӨХДӨӨ ЖИГШДЭГ БОЛСОН УУ
Манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2018 онд ид жагсаж, “шударга” тавын нэг болж явах үед 143 хүүхэд ийм нэр авсан байна. Статистик үзүүлэлтийг харахад хамгийн өндөр нь энэ цаг үед таарчээ.
Түүнээс хойш
- 2019 онд 116
- 2020 онд 118
- 2021 онд 108
- 2022 онд 65
- 2023 онд 57
- 2024 онд 48
- 2025 онд 4 хүн хүүхдэдээ Оюун-Эрдэнэ гэх нэрийг өгчээ.
Статистикаас харахад түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд хийх таван жилийн хугацаанд энэ нэрийг хүүхдэдээ хайрлах нь жил тутам буурсан байгаа юм.
Сүүлийн 5 жилд энэ нэрийг хүүхдэдээ өгөх хүмүүсийн тоо эрс буурсан нь Монголчууд Оюун-Эрдэнэ гэх нэрийг жишгих болсонтой холбоотой юу?
АСУУЛТ НАДАД, ДҮГНЭЛТ ТАНД
Энэ нийтлэлээр судалгааны байгууллагын нэр хүндэд халдах гэсэнгүй. Харин судалгааны үр дүн үнэн эсэхэд эргэлзээ олон нийтийн дунд нэгэнт үүссэн.
Иргэдийн зүгээс ч гэсэн хүүхдийнх нь хэт тансаглалтай холбоотойгоор нэр хүнд нь буурчихаад байхад ийм судалгааны үр дүн гарсанд гайхаж буй.
Цаашилбал “Судалгаа байгаа онохгүй байна уу, эсвэл зориудаар хэн нэгэн судалгааны үр дүнд нөлөөлж түүнээ ард түмний сэтгэл зүйд нөлөөлөх байдлаар тараадаг юм биш биз” гэсэн эргэлзээтэй холбоотойгоор бодит тоо, мэдээлэлд үндэслэн, шинжилж үзэхийг зорилоо.
Эцсийн дүгнэлтээ эрхэм уншигч танд үлдээе.