
Цагаан ордон АНУ-ын элчин сайдын яамдад оюутны визийн ярилцлагын цаг шинээр товлохгүй байхыг үүрэг болгожээ. Politico сайтад бичсэнээр уг шийдвэр нь оюутны виз хүсэгчдийн нийгмийн сүлжээг шалгах зүйл заалт оруулахаар судалж байгаатай холбоотой юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ-ын элчин сайдын яамдад, “Нийгмийн сүлжээний хяналт шалгалтыг өргөтгөхөд бэлтгэж байгаатай холбоотойгоор консулын хэлтсүүдэд оюутан болон солилцооны хөтөлбөрт оролцогчдод (F, M болон J ангилал) визний цаг нэмж товлох явдлыг шинэ удирдамж гарах хүртэл зогсоохыг үүрэг болгож байна” гэжээ.
АНУ-ын элчин, консулын газраас ярилцлагын цаг хэдийн авсан иргэдэд дээрх удирдамж үйлчлэхгүй аж.
Виз хүсэгчдийн нийгмийн сүлжээг шалгах нь ямар зорилготой, шалгалтаар юу илрүүлэх ёстой нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын засаг захиргаа уг төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлбэл оюутны визийн хүсэлтүүдийг шалгах ажил удааширч, гадаадын оюутнуудын элсэлтээс санхүүгийн хувьд хараат Америкийн их сургууль, коллежуудын үйл ажиллагаанд ч нөлөөлөх юм.
Доналд Трамп АНУ-ын төрийн тэргүүнээр томилогдсоноос хойш Цагаан ордонтой харилцаа нь улам хурцадсан боловсролын байгууллагуудын нэг бол Харвардын их сургууль юм. Д. Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийг еврейчүүдийг үзэн ядах үзлийг ухуулан сурталчилдаг хэмээн буруушааж байгаа бол Харвардын удирдлагууд Америкийн засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн сарын дундуур Цагаан ордон Харвардын их сургуулийн 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцааж, энэ сард тус сургуулийн гадаадын оюутан элсүүлэх зөвшөөрлийг цуцалсан билээ.