
Хүн төрөлхтний амьтнаас ялгарах гол зүйл бол мэдээж оюун ухаан. Оюун ухаант хүмүүс шинийг нээн илрүүлж, шинэ санаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж, аливааг тунгаан бодож, зөв бурууг ялгаж чаддаг.
Эдгээр төрөлх өгөгдлийнхөө хүчээр олон шинэ нээлтийг бий болгож технологийг илрүүлж чадсан нь хүн төрөлхтний томоохон нээлтүүдийн нэг юм.
Үүний дундаас хамгийн дэвшилттэй явж байгаа зүйл бол сошиал медиа платформ юм.
Бид амьдралын мөн чанарыг ойлгох, түүнийхээ төлөө хичээж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь бидний туйлын хүсэл билээ. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд сошиал медиаг амьдралынхаа нэг хэсэг болгож ирсэн нь өнөөдрийн биднийг оюун санааны хувьд дэвшилтэд хүргэсэн үү, ухралтад оруулсан уу гэдгийг эргэн дүгнэх хэрэгтэй болжээ.
Сошиал медиа бидний тархинд хэрхэн нөлөөлж байна вэ?
Нийгмийн сүлжээний хэрэглээ өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд сэтгэлийн түгшүүр, хямралыг бий болгодог байна.
Сошиал медиагийн донтуулагч мөн чанар нь хүний тархинд допамин ялгаруулж улмаар түүндээ хүрж чадаагүй тохиолдолд сэтгэлээр унах, өөрийгөө голох мэдрэмж авдаг байна.
Жишээ нь Цэцгээ өөрийн сошиал хаягтаа маш идэвхтэй өөрийн зургаа пост хийж, өдөр тутмын амьдралын үйл явцаа үргэлж сториддог. Энэ тохиолдолд Цэцгээ нийгмийн сүлжээн дэх найзуудаасаа өөрийх нь зураг дээр хариу үйлдэл үзүүлэхэд Цэцгээгийн тархинд допамин ялгардаг.
Харин нөгөө талаас бусад хүмүүс өөрийг нь тоохгүй, хариу үзүүлэхгүй байх үед тэр өөрийгөө голсон, буруутгасан бодолд автаж сэтгэлийн хямралд өртдөг байх нь. Энэ жишээ зөвхөн өсвөр нас, залуу нас, хөгшин нас гэлтгүй аль ч насныханд тохиолдож болох үзэгдэл юм.
Дараагийн бидний сэтгэл зүйд нөлөөлдөг зүйл бол FOMO (Fear of missing out) буюу “алдагдахаас айх” мэдрэмж юм.
Энэ нь бусад хүмүүс Instagram, Facebook, Tik Tok, Snapchat зэрэг сошиал хаягууддаа өөрсдийн амьдралын хамгийн сайхан онцлох хэсгүүдийг харуулсан зүйлсээ нийтлэхэд бидний тархинд үргэлж түүнийг орж шалгах дохио тасралтгүй ирдэг.
Тиймээс бид өдөр тутамдаа өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгний сошиал медиаг хайж, шалгалгүй орхиж чаддаггүй байна. Энэ нь удаан хугацааны турш үргэлжилснээр бид сэтгэл гутралд өртөж FOMO эмгэгтэй болдог.
Анхаарал төвлөрөлтийн дайсан ба асуудалд хандах хандлага
Сошиал медиа платформууд бидний анхаарлыг татах зорилготой. Мэдэгдэл, дуртай зүйлс болон төгсгөлгүй контент нь агшин зуурын сэтгэл ханамжийн мөчлөгийг бий болгож, бусад ажлуудад анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болгодог.
Энэхүү байнгын өдөөлтөөр бөмбөгдөх нь бидний анхаарлыг сарниулж нэг сэдэв дээр төвлөрч, дүн шинжилгээ хийх чадваргүй болгож байгаа юм. Үүнээс гадна бид өдөр тутмын амьдралдаа маш олон мэдээлэл дунд амьдарсаар аливаа асуудлыг бодитоор харж тунгаан бодох чадвар муудаж олон чухал асуудлыг “скроллдоод” өнгөрөөхөд хүргэж байна.

Үзэл бодлын манипулаци
Манай улс бол фейсбүүкийг хамгийн идэвхтэй хэрэглэдэг орнуудын нэг.
Napoleoncat-ийн мэдээлснээр 2024 оны зургадугаар сард Монгол Улсад 3,012,800 Facebook хэрэглэгч байсан нь нийт хүн амын 88.9 хувийг эзэлж байгааг тодорхойлсон бол тэр дундаа дийлэнх нь эмэгтэйчүүд буюу 53.2 хувийг эзэлж байна.
Мerriam-webster толь бичигт манипуляцийг “зорилгодоо хүрэхийн тулд уран сайхны эсвэл шударга бус аргаар өөрт ашигтайгаар бусдын үзэл бодлыг удирдах, тоглох” гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр хүмүүсийн хандлага, хүсэл эрмэлзэл, шийдвэрт нөлөөлөх зорилготой мессежнүүдийг нийгэмд түгээж, тэдгээр хүмүүсийг тодорхой бүтээгдэхүүн худалдаж авах, тодорхой улс төрийн зүтгэлтэнд санал өгөх эсвэл аливаа үйл ажиллагааг дэмжихийг уриалсан зэрэг хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөх зүйлсийг сошиал медиагаар явуулдаг.
Энэхүү үйл ажиллагаа нь дан ганц хувь хүмүүст нөлөөлөхөөс гадна олон нийтийн санаа бодлыг талцуулж, нийгмийн хуваагдал үүсэхэд хүргэдэг.
Венын сонгодог сэтгэлзүйч, бодгаль сэтгэл судлалын эцэг Алфред Адлер “Амьдрахуйн шинжлэх ухаан” номдоо хүний нийгэмших үйл явцын гол үе шат хүүхэд цаг ахуйн дөрвөөс таван насанд тавигдаж, цаашдаа хэрхэн бие хүн болж өсөн дэвжих нь бидний хичээл зүтгэлтэй нягт холбоотой хэмээн тайлбарласан байдаг.
Тэгвэл бид өнөөдөр аливаа асуудлыг бодитоор харж, тунгааж бодох чухал цаг үедээ сошиал медиад тархиа мэдүүлж, алгоритмын бай болж байгаа нь ирээдүйд хүн төрөлхтөн хэрхэн оршин тогтнох, юунд тэмүүлж буй нь эдгээр олон нөлөөллийн хүчинд элэгдэж байна.
Б.Халиунаа
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн
Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн
4-р дамжааны оюутан