
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг албан ёсоор угтах ёслол Сүхбаатарын талбайд болов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр (2025.05.25) хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад хүмүүс угтлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.