
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглалаас үүдсэн “Орлогоо нотол” сэтгүүлчдийн мэдээлэл “Огцрох амархан” иргэдийн жагсаал болон хувирч, 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хооронд МАН-ын Бага хурал хуралдаж, 61 хувь нь цаашид АН-тай Засгийн газарт хамтран ажиллахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал өрнөсөн. Уг жагсаал Ерөнхий сайдын хүүгийн тансаглалтай холбоотой байлаа. Гэвч МАН-ын Бага хурал дээр “АН гэрээгээ зөрчсөн тул…” болж хувирсан юм. Учир нь Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрыг тэргүүлэхэд “амаргүй” байснаа ярьжээ. Ингээд бэрийнх нь тансаглал улс орны хямрал руу чиглэгдэж, хувирч өөрчлөгдөв.
АН-ын нэр бүхий гишүүд болох Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын удаа дараа өрнүүлсэн огцруулах акц, “Женко” Х.Баттулга нарын хувийн пиар тоглолтууд Ерөнхий сайдад амаргүй байсан нь мэдээж. Гэсэн ч өөрийг нь орлогоо нотол гэж байхад “нөхөрлөж” байгаа намаа буруутгасан нь хариуцлагаас зугтах бас л нэг улс төрийн акц байлаа.
Л.Оюун-Эрдэнэ АН-тай цаашид хамтрах, эсэх асуудлаар санал хураалгахын өмнө Бага хурал дээрээ уйлсан гэдэг. Мөн хэрэв Бага хурлын гишүүд нь АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэвэл өөрөө ч Ерөнхий сайдын ажлаа өгнө гэдгээ хэлжээ. Энэ тухай МАН-ын Бага хурлын гишүүн, Увс аймгийн харьяат С.Анхбаяр фэйсбүүктээ бичжээ.
Тэрээр “Бага хуралд суусан хүний хувьд хэдэн үг хэлье. Бага хурлаар Ерөнхий сайд, Намын даргыг огцруулах тухай нэг ч асуудал хөндөгдөөгүй. Хүмүүс санал хэлэхдээ нээлттэй шүүмжилсэн. Харин Ерөнхий сайд “Хэрэв бага хурлаас Ардчилсан намыг Засгаас гаргах шийдвэр гарвал би хариуцлагаа хүлээж Ерөнхий сайдын ажлаа өгнө” гэж мэдэгдсэн нь үнэн” хэмээн бичжээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн лхагва гарагт буюу тавдугаар сарын 21-нд болсон Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ажлаа өгчихсөн”. Намын дарга нь “АН-аас салчихвал би ч бас ажлаа өгнө” хэмээн хэлсээр байхад намынхан нь яагаад эсрэг санал өгөв? гэдэг нь нэгдүгээрт, түүнд тавьсан үнэлгээ. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнийг хүссэнээрээ удирдаж буй “Женко” Х.Баттулгаас салах гэсэн МАН-ынхны хүсэл гэхэд болно. Ингээд маргааш нь МАН-ын Бага хурлын шийдвэрийг АН-ынханд танилцуулж, Л.Оюун-Эрдэнэ ч өргөдлөө өгнө гэсэн мэдээ цацагдсан.
Гэтэл Бага хурлаас хойш тав хонож байхад Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөх өргөдлөө өгсөнгүй. Тэр ч бүү хэл өөрийнхөө оронд хотын дарга Х.Нямбаатарыг болгоно, Х.Баттулгад холбогдох элдэв хэргийг шалгахгүй байх зэрэг наймаа, шантааж хийж байгаа мэдээнүүд цацагдав.
Өчигдөр гэтэл “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар уриалж, Сүхбаатарын талбайд “УИХ-ыг тараах жагсаал” зохион байгуулахаа мэдэгдээд байна. “Хулгайчуудыг буулгая” уриатай уг жагсаалын зорилго нь парламентыг тараахад чиглэгджээ. А.Отгонбаатарыг “Женко” Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнэ нарын “улаан хамгаалагч” гэдгийг хүмүүс мэднэ.
Ингэж улаан хамгаалагчдаараа жагсаал хийлгэж байгаагаас харвал Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй гэж гүрийхээр шийдсэн бололтой. Мэдээж ард нь “Женко” Х.Баттулга байгаа. Хэрэв огцрох дээрээ тулбал УИХ-ыг тараагаад хамтдаа “үхэцгээе” гэж байгаа аж. Энэ үйл явдал улс төрийн хямралыг гүнзгийрүүлнэ, улс орноо ангал руу түлхэх нь ч тодорхой боллоо.
Уг нь анхнаасаа Л.Оюун-Эрдэнийг “Орлогоо нотол” л гэж шаардсан. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар хариуцлага хүлээх зориг түүнд байсангүй. Харин “Би үхэхээр, чи үх” гэсэн увайгүй хандлага гаргаж, улс орноо хямралд түлхлээ.
Эх сурвалж: Newspress.mn