
Хамтарсан Засгийн газрыг “бутаргасан” “цүнх”-ний асуудлын эргэн тойрныг тоймлов.
2025.05.12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал ил болсноос гурван өдрийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Өрөг.мн сайт анхлан орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн юм. Уг шаардлагыг бусад хэвлэлийн байгууллагууд дэмжин, нийтээрээ Ерөнхий сайд болон, түүний хүү Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотол гэж эрчимтэй шаардаж эхлэв.
2025.05.14
Энэ өдрөөс Ерөнхий сайдын тансаглалд бухимдсан залуус нэгдэж, “Огцрох амархан” тайван жагсаалыг талбай дээр өрнүүлж эхлэв. Улмаар Л.Оюун-Эрдэнэ сайдыг огцруулах өргөдөлд УИХ-ын зургаан гишүүн гарын үсэг зурлаа.
2025.05.17
Орлогоо нотлохыг шаардсан иргэдийн бухимдлыг долоон өдөр үл тоосон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “халаасны” хэвлэлүүддээ тайлбар өгч, иргэдийг “ялаа” гэж доромжилсон нь ард түмэн болон жагсагчдын бухимдлыг бадраав. Тэрээр үүсээд буй асуудалд уучлал хүсэх нь битгий хэл сайн аавын дүр бүтээж тоглосон нь Ерөнхий сайдын суудал түүнд ахдаж байгааг харууллаа хэмээн олон нийт дүгнэсэн юм. АТГ-аас энэ долоо хоногт түүний хүү О.Тэмүүлэнгээс мэдүүлэг авах талаар нээлттэй хэлсэн. Үйл явц АТГ дээр хэрхэн өрнөж байгаа нь тодорхойгүй байна.
2025.05.21
Үйл явдал ингэж өрнөсөн. Асуудалтай холбогдуулан энэ сарын 21-нд МАН-ын Бага хурал хуралдаж, улс төрийн халуун үйл явдлууд болж өнгөрлөө. Ерөнхий сайдын хүүгийн тансаглал, “цүнх”-ний асуудал Хамтарсан Засгийн газрыг хагаралдуулах хүртлээ эрчийг авсан гэсэн үг. Хуралдаанаар Ерөнхий сайд, Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрээр хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой болов. Хариуцлагаа хүлээгээд огцрох шийдвэр гаргасан ч, түүний хүү найз бүсгүйдээ бэлэглэсэн 12.5 сая төгрөгийн Диорын цүнх, төрсөн өдрийн бэлэг 20 сая төгрөг, тансаг зэрэглэлийн амралтын газар луу онгоцоор найз бүсгүйгээ дагуулж яваад, салют буудуулан гэрлэх санал тавьсан зардлын эх үүсвэр юу байв гэх асуулт хэвээр үлдэж байна. Орлогоо нотлохын оронд огцрох шийдвэрт хүрч байгаа нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа явдал мөн үү?
2025.05.22
МАН-ын Бага хурлаас гаргасан, Хамтарсан Засгаас АН-ыг хасах шийдвэрт АН-ын зарим гишүүд дарангуйлал гэж хүлээн авч буй бол, зарим нь сөрөг хүчний байр суурьтаа эргэн ирж байгаад баяртай байгаагаа хэлэв.
Огцрох нь тодорхой болсон Л.Оюун-Эрдэнэ сайд орлогоо нотлоогүй нөхцөлийг улс төрийн том тоглогчид, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх арга болгон ашиглалаа. Үүний цаад улс төрийг таамаглавал Монгол Улсын Ерөнхийлөгчийн “халаасанд” гүйцэтгэх засаглал орчихлоо гэсэн үг.
Тэгвэл цаашид улс төрийн өрнөл хэрхэн вэ? Төр, Засгаа халаасалсан Ерөнхийлөгч дахин сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөвлөгөө хэрэгжих магадлалтайг бид анхаарч, ажиглаж, хяналтаа тавьсаар байх нь чухал асуудал.