
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэхийг хориглож, тус сургуульд суралцаж байгаа гадаадын оюутнуудыг өөр сургууль руу шилжихгүй тохиолдолд АНУ-д оршин суух эрхийг нь цуцална хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэх хөтөлбөрийнх нь сертификатыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг илгээжээ.
Сертификат нь хүчингүй болсноор Харвардын их сургууль гадаадын иргэдэд оюутны виз авахад шаардлагатай бичиг баримтыг өгөх боломжгүй болж байгаа аж.
Харвардын их сургуулийн удирдлагын зүгээс АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгдээд байна.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн 4-р сард Харвардын их сургуулиас тус сургуульд суралцдаг гадаадын оюутнуудын хууль бус үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлан гаргаж өгөхийг шаардсан юм. Америкийн Дотоодын аюулгүй байдлын яам Харвардын их сургуулийн оюутнууд Палестиныг дэмжсэн жагсаал цуглаанд оролцсон явдлаас болж тус сургууль антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзлийг ухуулан сурталчилдаг хэмээн буруутгасан юм.
Цагаан ордны зүгээс Харвардын их сургуулиас өргөн хэмжээний өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардаж, шаардлагыг нь биелүүлэхгүй бол Харвардын их сургуулийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлсэн юм. Түүнчлэн багш нарын нөлөөг бууруулж, америкийн үнэ цэн, институтэд дайсагнасан хандлагатай оюутнуудыг элсүүлэхгүй байхыг шаардсан юм. Харвардын их сургууль АНУ-ын эрх баригчдын шаардлагыг биелүүлэхээс татгалзсаны хариуд Вашингтон Харвардын их сургуулийн 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан билээ.
Өнгөрсөн онд Харвардын их сургуульд гадаадын 7000 орчим оюутнууд суралцаж байсан нь тус сургуулийн нийт оюутнуудын 27 гаруй хувийг эзэлж байжээ.