
Өнгөрсөн лхагва гарагт Аргентины парламентын ордны гадаа болсон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал цуглааны үеэр олон арван иргэд гэмтжээ.
C5N сувгийн мэдээлснээр жагсаалын үеэр хууль сахиулагчдын гаргасан үйлдэл болон нулимс асгаруулагч хийнээс болж гэмтсэн 80 гаруй хүн эмчид ханджээ.
Сүүлийн хэдэн сарын турш Аргентины парламентын ордны гадаа лхагва гараг бүр ахмадууд жагсаж байгаа ба тэд үнийн өсөлт, төсвийн зардлыг танасан явдалтай холбоотойгоор тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.
Өнгөрсөн лхагва гарагт Аргентины парламент тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарсан хүмүүст үзүүлэх хөнгөлөлт урамшууллыг цаашид үргэлжлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч эдийн засгийг сайжруулж, инфляцын өсөлтийг зогсоох зорилт тавиад буй Ерөнхийлөгч Хавьер Милейн засгийн газар дээрх хуулийн төслийг эсэргүүцжээ. Аргентины засгийн газар улсад нь тэтгэврийн хэмжээг нэмэх нөөц бололцоо байхгүй, нөөц бололцоотой болохын тулд эхлээд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
2024 оны 2-р хагаст Аргентин улсын нийт хүн амын 38 хувь нь буюу 11.3 сая хүн ядуу амьдарч байсан бол 1-р хагаст нь энэ тоо 53 хувь байжээ.