
Сонгинохайрхан дүүргийн нийт 13 хорооны 45 байршилд иргэд дураараа хог хаясаар хогийн цэг үүсжээ. Тиймээс тус дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд 24 цаг ажиллах хяналтын камер байршуулж, зөвшөөрөлгүй газарт хог хаясан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Тухайлбал, Улаанчулуутын хогийн цэгийн хашааны гадна талд иргэн, аж ахуйн нэгжүүд том оврын ачааны автомашинтай ахуйн болон барилгын хогийг шөнө, оройн цагаар зөвшөөрөлгүй хаядаг байна.
Хяналтын камерууд 24 цаг ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэж хариуцлага тооцож арга хэмжээ авч эхэлжээ.
Шөнийн камерын бичлэгний дүрс нягтаршил сайн бөгөөд тээврийн хэрэгслийн өнгө, марк, улсын дугаар илүү тод харагддаг учраас хог хаяж буй тээврийн хэрэгслийг илрүүлэхэд хялбар болоод байна.