
Hulu стриминг платформаар гарч буй “TMZ Investigates: Жастин Биберт юу тохиолдсон бэ?” нэртэй шинэ баримтат кинон дээр дуучин Жастин Бибер 2022 онд 300 орчим дуугаа Hipgnosis Songs Capital компанид 200 сая ам.доллароор зарсан нь дампуурлын ирмэг дээр очсонтой нь холбоотой хэмээн тайлбарлажээ.
TMZ сувгийн гүйцэтгэх продюсер Харви Левиний ярьснаар Жастин Бибер дуучны карьераараа 500 саяас 1 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулсан ч 2022 онд зарласан аялан тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар зогсоож, тоглолтуудаа цуцалсантай холбоотойгоор өр зээлд унаж, дуунуудаа зарахад хүрчээ.
“TMZ Investigates: Жастин Биберт юу тохиолдсон бэ?” баримтат кинон дээр Бибер аялан тоглолтынхоо найман автобусыг шинэчлэн засварлахад 2 сая ам.доллар зарцуулж, үнэтэй хувийн онгоцоор нисэж, хэд хэдэн байр бэлэн мөнгөөр худалдан авч, мөнгийг их хэмжээгээр үрсэн талаар дурджээ.
Харви Левиний хэлснээр тухайн үед Биберийн менежерээр ажиллаж байсан Скүүтер Браун Биберт дуунуудаа 2023 он гарсны дараа зарах нь татварын хөнгөлөлт эдлэх давуу талтай гэж зөвлөсөн ч Бибер 2022 оны 12-р сард дуунуудаа зарсан нь түүний санхүүгийн нөхцөл байдал ямар хүнд байсныг харуулж байна гэжээ.
TMZ сувгийн гүйцэтгэх продюсер Дон Нэшийн тооцоолсноор Ж. Бибер 2022 онд аялан тоглолтоо төлөвлөсөн ёсоор дуусгасан бол 90 сая ам.долларын ашиг олох байсан аж.