
Хамтарсан Засгийн газрын ажиллагаа үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байгаа цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “МАН-ын бага хурал болоогүй байхад би юу хэлэх вэ дээ. МАН, АН хуралдана биз. ХҮН намынхан ч гэсэн ярилцах гээд л байж байна. Талбай дээр болж буй хоёр жагсаалын аль аль нь улс төрийн зорилготой л байх. Би хүмүүсийн өмнөөс юу ярих вэ. Өөрийнхөө гаргасан шийдвэрийг тайлбарласан. Гарын үсгээ зурж, “Огцрох амархан” жагсаалыг дэмжсэн.
Ухаа худгийн хувьд гишүүдэд материал тарааж өгсөн. Уншиж танилцсан. Ерөнхий агуулга нь 2007 онд Тавантолгойн стратегийн орд газрыг шинээр гарсан Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлээд, лиценз эзэмшигчтэй нь хэлэлцээр хийгээд, шийдвэрээ УИХ-д оруулж ир гэдэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Тэр даалгавар одоог хүртэл биелээгүй байгаа юм билээ. Үүний дагуу Засгийн газар “Инержи ресурс”-тай хэлэлцээр хийж байгаад, тохироо хийн гэрээ байгуулчихсан. Үүнийг УИХ-д танилцуулаагүй. Эндээс хамаг будилаан эхэлсэн. Үйлдлээрээ УИХ-ыг зөвшөөрсөн гэж тайлбарладаг юм билээ. Үнэхээр өөрчлөлт хийх гээд байгаа бол УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.
Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа их оргилуун, дэврүүн сэтгэлээр байгуулсан. Мөнгө олно. Экспорт нэмэгдэнэ, мега төслүүдээ хийнэ гээд л. Дэлхий ертөнц өөр болчихсон. Мөнгө нь олдохгүй байна. Нөхцөл хүнд байна. Энэ үед ганц нэг том төслүүдээ барьж аваад хямгатай, цэгцтэй явахын оронд, ПР-аа нэгт тавьж, ашигт малтмалын ордуудаа бартердаж, хүнээр ажил хийлгээд, орон даяар бүсүүдийн хөгжлийн дэмжих баахан юм хийж байна. 30 гаруй их наяд төгрөгтэй төсвөөс гадуур төрийн өмчийн компаниудад байгаа уул уурхайн лицензүүдээ өгөхөөр тэнд эргэлдэх мөнгө улсын төсвөөс хэд дахин их мөнгө болно” гэлээ.